ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн албанд татагдаад 14 хоносон цэрэг хүнд бэртэн, хагалгаанд орлоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-14

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд энэ сарын 01-ний өдөр татагдан очсон 18 настай залуу дунд чөмөг хугарсан гэх оноштойгоор өчигдөр яаралтай хагалгаанд оржээ. Түүнийг өчигдөр 17.32 цагт онгоцоор цэргийн төв эмнэлэгт авчирсан байна.

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, салаан дарга нар цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Залуугийн бэртэлд гадны нөлөөгүй” гэж хэлсэн байна.

Цэргийн албанд татагдан очсон залуучууд ар араасаа амь насан нь эрсэдсээр байгаад албанаас ямар нэгэн тайлбар хэлж, арга хэмжээ авахгүй байсаар байна. Өнгөрсөн жил гэхэд цэрэгт татагдсан залуу дэглэлт даалгүй нас барсан бол бас нэг цэрэг буу хулгайлж, Тува улсын нутагт буудуулж, нас барсан байдалтай олдсон билээ.

Тэгвэл ердөө цэрэгт яваад 14 хонож байгаа залуу чөмөг нь хугарч, хагалгаанд орсон нь гадны нөлөөтэй байсан уу эсвэл санамсаргүй болгоомжгүй бэртэл байв уу гэдгийг цагдаагийн байгууллага шалган эцэслэн тогтоох юм.