ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл: Эмч мэргэжилтнүүд сайн ажилласан учраас сүрьеэг илрүүлж чадлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-14

Нийслэлийн 15 дугаар сургуулийн багш сүрьеэгээр өвчилсөн гэдгээ нууцалснаас үүдэж, 32 хүүхэд өвчилж, мөн 529 хүүхэд халдвар авсан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Улмаар, Эрүүл мэндийн яамныхан ажлаа хийгээгүй, ийм асуудал үүсчихээд байхад нууцалсан, багш нь сүрьеэгийн шинжилгээ хийлгэсэн ч хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх мэт асуудал яригдаж буй.

Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан ёсны тайлбар өгчээ. Эрүүл мэндийн салбарын сүрьеэгийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг орон даяар хийж байгаа учраас харин ч энэ мэт нуугдаж байсан асуудлыг илрүүлж байгаа учраас ажлаа хийж буй эмч нарыг шууд буруутгахгүй байхыг хүссэн байна. Тэрбээр, “Энэ бол эмч мэргэжилтнүүд маань сүрьеэг илрүүлж эмчилж байгаа л асуудал. Бусдаар тэдэнд бурууг тохох үндэслэл үгүй. Болсон явдал бол өнөөдөр бус хоёр жилийн өмнө эхэлсэн юм. 2019 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн алба ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд тус сургуулийн 529 хүүхэд халдвар авсан, 38 сурагч, нэг багш өвдсөн нь тогтоогдсон байдаг.

Өвдсөн багш, сурагчдыг тухайн үед нь эмчилгээнд хамруулсан . Эмч, мэргэжилтнүүдийн тайлбарласнаар халдвар авсныг өвчилсөн гэж үздэггүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шинэ удирдамжийг сүүлд гаргаж гишүүн орнууддаа илгээснээр өмнө нь халдвар илэрсэн хүүхдүүдэд Сүрьеэгийн албан эмчилгээ хийж байна.

Дийлэнх эцэг эхчүүд эрсдлээс болгоомжилж, хүүхдээ эмчилгээнд оруулаад явж байна. Зарим эцэг эхийн зүгээс үүнд эргэлзэж бухимджээ. Энэ нь зүйн хэрэг. Бидний хэн маань ч эмзэглэх байсан болов уу. Тиймээс мэргэжлийн хүмүүс хүүхдүүдийн эцэг, эхтэй нэг бүрчлэн уулзаж нөхцөл байдлыг ойлгуулж эмчилгээ амжилттай явагдаж байна. Хэрэв ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албаны нөхөд маань рентген аппаратаа зөөж авчран, сүрьеэгийн сорил тавьж оношилж эмчлээгүй байсан бол тус сургуулийн 1700 гаруй сурагч, багш, ажилтан халдвар авч, өвчлөх байсныг төсөөлөхөд ч бэрх.

Тиймээс илрүүлж ,оношилж , эмчилж буй эмч нараа буруутгаж, итгэл сэтгэл, урам зоригийг нь бүү мохоогоосой гэж хүсч байна. Сүрьеэ өвчнөө нууж, хуурамч баримт бичиг бүрдүүлэн ажилд орж халдвар тараасан гэх багшийн асуудлыг холбогдох газар тусад нь авч үзэх буйз аа. Энэ тохиолдлоор мянга мянган сурган хүмүүжүүлэгч багш нараа мөн бүү хавтгайруулан хараан зүхээсэй гэж хүсч байна.

Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг. ДЭМБ дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвар авсан тухай мэдээлж байна. Тиймээс улс орон бүр сүрьеэгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Манай улс ч үндэсний хөтөлбөртэй бөгөөд үүнд Глобаль сан дэмжлэг үзүүлж, төсөв, төслийн санхүүжилтээр энэ өвчнийг илрүүлж эмчилж буйн үр дүнд 15 дугаар сургууль дээр гарсан халдвар ил болсон юм.

Харамсалтай нь энэхүү бодит мэдээллийг хүргэж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуруу дарам цөөн байгаа бөгөөд эмч өвчтөнд хуурамч бичиг өгч сургуульд ажилд оруулсан, халдварыг нуусан, хүүхдийн аманд үл мэдэгдэх гашуун юм хийсэн мэтээр гүтгэн буруу ташаа мэдээлэл түгээж буйд няцаалт өгөх нь эрүүл мэндийн салбарыг төр, засгийн түвшинд төлөөлж буй сайдын үүрэг гэж үзэж энэхүү тайлбарыг хийж байна.

ДОХ, БЗДХ, СҮРЬЕЭ зэрэг өвчтэй иргэдийг гадуурхан, ялгаварлаж ханддаг учраас тэд өвчнөө нуудаг, эрүүл мэндийн байгууллага өвчтний нэр, хаяг, мэдээллийг нууцалдаг журамтай. Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд маань цалин урамшуулал бага, хүнд нөхцөлд ажилладаг ч хүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа билээ.

Тэднээс  дүрс оношлогоо, тандалт, физик эмчилгээ, сувилагч зэрэг 30 хүн тандалт судалгаанд ажилладаг, өвчтөнтэй шууд харьцдаггүй гэх шалтгаанаар хоёр жилийн өмнөөс өгдөг болсон нэмэгдлээс хасагдсаныг залруулж Засгийн газарт асуудал оруулж шийдвэрлүүлэхээр ЭМЯам ажиллаж буйг дашрамд дуулгая. Та бүхэн  энэ эрч хүчээ алдалгүй хүн төрөлхтний дайсан болсон сүрьеэтэй тэмцэх ажлаа улам эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Б.Тогтох