ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд түүхий нүүрсний хэрэглээг зогсоохыг дэмжиж гарын үсэг зурав

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-14

“Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах” өдөрлөг өнөөдөр  12.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд боллоо.  Нийслэлийн иргэд олноор хүрэлцэн ирсэн тус өдөрлөгийн үеэр НЭМҮТ-өөс түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх хор уршигийн талаар олон нийтэд зориулсан сурталчилгааны материал түгээж, ОББҮХ-оос зөв галлагаа болон сайжруулсан түлшний сонголтыг тайлбарлах үйл ажиллагаанууд болов.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-нд 62 дугаар тогтоол гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Засгийн газрын тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүн амыг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор ДЭМБ-ын дэмжлэг дор ЭМЯ, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд өдөрлөгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан бөгөөд ЭХЯ, ОББҮХ, НМХГ болон бусад төр, олон нийтийн байгууллагууд идэвхтэй оролцсон юм.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ОББҮХ-ны дарга Ч.Гантулга болон иргэдийн төлөөлөл түүхий нүүрсийг хориглосноор хүн амын эрүүл мэнд сайжран амьдралын чанар дээшилж улмаар улс орны нийгэм, эдийн засагт гарах эерэг өөрчлөлтүүдийн талаар үг хэлсэн юм. Мөн  төр засгийн байгууллагууд олон нийтийг энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн төлөө үр бүтээлтэй хамтран ажиллахыг уриалан дуудлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс санаагаа нэгтгэн түүхий нүүрсний хэрэглээг зогсоохыг би дэмжиж байна хэмээн гарын үсгээ зурцгаалаа.