ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Одонтуяа: Өмгөөллийн салбарт маш олон “би чадна”-чууд орж ирсэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

Өмгөөлөгчдийн хараат бус байдал болон Өмгөөллийн тухай хуулийн талаар  Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Одонтуяатай ярилцлаа. 

-Өмгөөлөгчдийн хараат бус байдлын талаар сүүлийн үед нэлээд ярих болсон. Манай улсын өмгөөлөгчдийн хараат бус байдал хэр хангагдаж байна гэж хардаг вэ?

-Өмгөөлөгч мэргэжил их онцлог. Шүүх, мөрдөгч, прокурор зэрэг төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хуулиар хамгаалсан байдаг. Өмгөөлөгчдийн хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрх зүйн орчин нь зохицуулагддаг хэдий ч үнэхээр хангалтгүй байна. Гэхдээ өмгөөллийн хууль гээд тусдаа хууль өнөө маргаашгүй батлагдах гэж байгаа. Мэдээж эрх зүйн орчин нь бүрдчихвэл өмгөөлөгчдийн нөхцөл байдалд ахиц гарах нь тодорхой. Өмгөөлөгч гэдэг төрийн албан хаагчийн эсрэг, хүний эрхийг хангуулахын төлөө ажилладаг хамгаалагч учраас тулгарах бэрхшээл маш их. Ер нь Монголд өмгөөлөгчийн эрх хумигдмал байгаа гэдэгт би санал нийлдэг. Тухайлбал, эрүүгийн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад өмгөөлөгч хэргийн хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын ажиллагааны материалтай танилцах эрх байдаггүй. Заавал хүсэлт гаргах ёстой. Хэрэв хүсэлтийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй. Гомдлыг нь хүлээж авахгүй бол арга мухарддаг. Энэ мэт үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад хууль эрхзүйн талаас хүндрэлтэй зүйл их бий. Өмгөөлөгч нар хүчин мөхөсдөх асуудлыг яриад байвал их бий л дээ. 

-Өмгөөллийн тухай хуулийг батлах гэж байгаа гэлээ. Энэ хуульд өмгөөлөгч хэрэг бүртгэлийн материалтай заа­вал зөвшөөрөл авалгүйгээр танилцдаг эрхтэй байх зохицуулалтыг оруулж байгаа юу. Өмгөөлөгчдийн зүгээс хуулийн заалтад эрхээ нэмэгдүүлэх талаар санал хүсэлт хүргүүлсэн үү. Өмгөөлөгчдийн хууль гэж тусдаа хуультай болсноор ямар ахиц гарах юм бэ?

-Хууль эрх зүйн орчны хувьд өмгөөллийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний ахиц гарна гэж харж байгаа. 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хүчингүй болж, “Өмгөөлөгчдийн холбоо” ТББ-ын статустайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин дахин Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачилж өргөн барих асуудал 2015 оноос эхлэлтэй. Өмнө нь байсан эрх зүйн харилцааг дахин сэргээх бодит хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон уу, үгүй юу гэдэгт хуульчид өнөөдрийг хүртэл нэгдсэн байр суурьгүй байгаа. Зарим хэсэг нь “шаардлагагүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиа засаж сайжруулаад явж болно”, зарим нэг нь “зайлшгүй Өмгөөллийн тухай хуультай байна” гэсэн байр суурьтай байна. Миний хувьд дэмжсэн. Өмгөөллийн тусгай хууль байх үед өөрөөс хамаарах ажиллагааг хийж байх явцад ямар нэг бэрхшээл тулгарвал Өмгөөлөгчдийн холбоондоо уламжилж, арга мухардсан үед дэмжлэг үзүүлдэг байсан. Одоо бол Монголын өмгөөлөгчдийн холбоонд харьяалагдаж байгаа хэдий ч олон мянган хууль, өмгөөлөгчдийн эрх ашигт хүрч ажиллаж чадахгүй байгаа. 2013 оноос өмнө хороо гэж байсан юм. Тухайлбал, Иргэний эрхзүйн, Эрүүгийн эрхзүйн, Захиргааны эрхзүйн гэх зэрэг хороод байсан юм. Энэ үед өмгөөлөгчид хамаарал бүхий хороогоороо дамжуулан, дэмжлэг авах, эрхээ хамгаалуулах боломжтой байсан. Өмгөөлөгчийн хуулийг баталснаар энэ тогтолцоо дахин идэвхтэй болно гэж харж байгаа. 

-Өмгөөлөх эрхийг өмнө нь тусгай шалгалт өгч байж авдаг байсан нь одоо байхгүй болчихсон гэх шүүмжлэл байдаг юм билээ. Өмгөөллийн хуулийг баталснаар өмгөөлөгчийн шалгуурын асуудалд өөрчлөлт орох уу?

-Хүний эрүүл мэндийн манаанд ямар хүмүүс ажиллаж байгаа билээ. Хамгийн багадаа 10 гаруй жил суралцаж байж эмч болдог. Үүнтэй нэгэн адил хүний эрхийн манаа өндөр шалгууртай, мэргэжлийн, хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн, хариуцлага өндөр, чанар чансаатай байх нь үйлчлүүлэгчдэд хэрэгтэй. Харамсалтай нь 2014 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарч, Өмгөөлөгчийн тухай хуулийг хүчингүй болгосон нь өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордоход хүргэсэн гэж боддог. Аливаа нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийг хүчингүй болгохдоо их болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Маш тодорхой шалтгаан, шалгууртай, нийгмийн харилцааг зохицуулж байсан хууль нь ашиглагдах шаардлагагүй болсон үед л хүчингүй болгох ёстой. Ялангуяа хүмүүнлэг ардчилсан зах зээлийн нийгэмд хүний эрх чөлөө өдөр бүр яригдаж байдаг. Өмгөөлөгчийн эрх зүйн асуудал улам өндөр болох ёстой. Гэтэл үүнийг өөрчилсөн нь маш буруу. Өмнө нь Өмгөөллийн тухай хуультай байхад өмгөөлөгч эхлээд хуульчийн, дараа нь өмгөөлөгчийн шалгалт өгөөд, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах анхан шатны ажлуудын талаар хичээл заалгадаг байсан.

Үүний дараа дадлага хийж байж өмгөөлөгч болдог байлаа. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол бүх хүн өмгөөлөгч болох эрхтэй гээд заагаад өгчихсөн. Өмнө нь өмгөөлөгч болоход даван туулдаг байсан бүх шалгуур, шат дамжлага байхгүй болчихоор энэ салбарт маш олон мэргэжлийн бус “Би чадна”-чууд ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүгч хийж байсан хүмүүс өмгөөлөгч болох эрх нь нээгдчихсэн юм. Энэ хууль батлагдахаас өмнө цагдаа, прокурот ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа өгсний дараа хоёр жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажиллах эрхгүй байсан. Ажил мэргэжлийн хувьд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн. Ашиг сонирхлын зөрчил үнэхээр байдаг. Жишээ нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан хүнд энэ салбарт маш олон танил байна биз дээ. Өмгөөлөгчийн ажил мэргэжлийн ажил шүү дээ. Хэн дуртай нь хийдэг, танил тал, найз нөхдийн хүрээнд болгочихдог амархан ажил биш. Мэргэжлийн ажлыг хуулиар хүлээсэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой. Найз, нөхөд дээрээ очоод гуйдаг. Тэр нь ямар нэгэн байдлаар тодорхой үр дүнд хүрэхээр нь нөгөө хүний нэр хүнд үнэлэлт дүгнэлт өгдөг байдал 2014 оноос хойш бий болсон.

Үүнээс болоод л өмгөөлөгчийн мэргэжлийн болоод ёс зүйн шаардлага алга болчихоод байгаа юм. Өөрийгөө судлаач гээд нэрлэчихсэн хүмүүс байдаг. Тэд “Монголд өмгөөллийн тухай хууль хэрэггүй. Яагаад гэвэл Процессийн тухай хуульд өмгөөллийн тухай хуулийг оруулаад өгчихвөл болно” гээд л яриад байдаг. Өнөөдөр манай улсад 600 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгвэл 600 гаруй хууль процессийн тухай хуультай байх ямар ч боломж байхгүй. Процессийн хууль гэдэг нь нийгэмд хамгийн их хүний эрхийг хөндөж байдаг, эрх зүйн харилцаа нь өргөнөөр явагдаж байдаг хууль. Тухайлбал, Эрүүгийн хууль, Иргэний, Захиргааны, Зөрчлийн тухай хуульд Процессийн хууль үйлчилж байгаа. Бусад бүх хуульд Процессийн хууль байх шаардлагагүй. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал урьд нь ямар байж байгаад одоо ямар болчихоод байгаа вэ гэдгийг тодотгож хэлмээр байна. Өмгөөлөгчийн тухай хууль байх үед өмгөөллийн тухай эрх үүргийг тодорхой заасан 12 заалт байсан. Энэ эрх үүргийг эдэлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тийм хуульгүй болчихоор өмгөөлөгчийн эрх зүйн чадамж суларч байна.

-Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчид эмзэг бүлгийн хүмүүст зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй гэсэн заалт орж байгаа тухай “Өмгөөлөгчдийн холбоо”-ны Ерөнхийлөгч мэдээлж байсан шүү дээ. Тэгэхээр эмзэг бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэгүй үзүүлнэ гэж ойлгож болох уу?

-Хууль тогтоох байгууллага яаж батлахаас шалтгаалах байх. Үүрэг болгоод баталбал, үнэ төлбөргүй л үйлчилнэ. Өмгөөлөгч эмзэг бүлгийн иргэдэд эрх зүйн туслалцаа өгөх гэж оруулбал, тэр нь сайн дурын үйл ажиллагаа болно. Ер нь өмгөөлөгчдийн холбооны бодлого бол зорилтод бүлэг буюу эмзэг бүлгийнхэнд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байх ёстой гэж үздэг. Үүний хүрээнд Нийслэлийн гамт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион хороодод зохион байгуулж байгаа. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 152 хороодод өмгөөлөгчид ажиллан, иргэдэд үйлчилнэ.

-Өмгөөлөгчид тодорхой сэдвээр дагнаж ажиллах нь явдал байдаг гэсэн. Энэ хэр зохимжтой юм бэ. Үүний давуу тал болоод сул тал нь юу байна вэ?

-Дагнаж ажиллах нь залуу өмгөөлөгчдийн хувьд бол тийм зохимжтой биш. Яагаад гэвэл зөвхөн эрүүгийн хэргээр дагналаа гэхэд иргэний хэрэг болон захиргааны хэрэг зэрэг бусад салбарын мэдлэг, туршлага хуримтлагдахгүй. Ялангуяа иргэний хэрэг, захиргааны хэрэг нь маргааны хувьд илүү өргөн цар хүрээтэй, судлах хууль нь маш олон салбартай байдаг учраас залуу хуульчид бусад салбарынхаа эрх зүйн бүх маргаануудад ажиллаж байж, илүү туршлага хуримтлуулах хэрэгтэй юм. Эхний ээлжинд бүх салбарын туршлагыг хуримтлуулж, боловсорсныхоо дараа тодорхой сэдвээр мэргэших нь зөв гэж хардаг. 

-Өмгөөлөгчид дагнаж ажиллах асуудал манайд хэр их байдаг юм бэ?

-Өмгөөлөгчид хувиараа дагнаж ажиллах явдал тийм их биш. Гэхдээ олон жил ажилласан туршлагатай өмгөөлөгчид нэг чиглэлээр дагнах нь элбэг. Харин хууль зүйн фирмүүд, багаар ажилладаг нөхөрлөлүүд өмгөөлөгчдөө иргэний, захиргааны, эрүүгийн гээд хуваарилчихсан байдаг юм билээ. Миний хувьд өмгөөлөгчид нэг чиглэлээр дагнахыг сайшаадаггүй. 

-Өмгөөллөх эрхийн хугацаа дуусна гэж байх уу?

-Өмгөөлөгчийн эрхийг нэг удаа авсан бол хугацаа дуусна гэж байхгүй. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа бол хугацаа дуусна гэж байхгүй. Хуульчийн гэрчилгээ авсны дараа улсын дээд шүүхээс шүүх төлөөлөх эрхээ нээлгэдэг. Шүүх төлөөлөх эрхээ нээлгээд, үнэмлэх авсан бол өмгөөллийн үйл ажиллагаа явуулж болно. Ингэхдээ ганцаараа болон нөхөрлөл, хуулийн компанид нэгдээд үйл ажиллагаа явуулж болно.