ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Чинзориг: Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын 50 хувийг төр хариуцаг болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Д.Тогтохсүрэн: Одоо орж ирж байгаа тогтоолын төсөлд 2018, 2019 оны цалингийн нэмэгдэл тусгагдсан гэж ойлгож байгаа. 2014 онд цалингийн хэмжээг 15 хувиар нэмэхэд Засаг даргын орлогчийн цалин нэмэгдээгүй. Энэ тогтоолоор нэмэх боломж бий юу. 

С.Чинзориг: Улс төрийн албан тушаалтны цалингийн асуудал энэ тогтоолтой хамаагүй. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогчийн цалинг нэмэгдүүлээгүй асуудал бий юм билээ. Тухайн үеийн Засгийн газар Засаг дарга нарыг орлогчгүй байх ёстой гэсэн бодлого явуулж байсан учраас 2014 онд 15 хувиар цалин нэмэгдэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмээгүй юм билээ. Хууль эрхзүйн орчинг сайн зохицуулахгүй бол асуудалтай байна. Засаг дарга нарын орлогчийн цалинг хэн тотоох эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг шийдчихвэл 2020 он гэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмэгдүүлэхийг шийдвэрлэх боломжтой байх. 

М.Оюунчимэг: Цагдаа нарын цалинг нэмэх хэрэгтэй байна. Эдийн Засгийн өсөлт гарч байна гэж байгаа. Үүнийгээ айл гэрийн хаалгаар оруулах хэрэгтэй байна. Цалин хөлс маш бага мөртлөө ажлын ачаалал их байдаг. Төрийн албан хаагчдын цалинг дорвито нэмэх талаар тооцоо судалгаа байна уу. Дундаж амьдралтай хүмүүс ядуурлын түвшинд ороход маш ойрхон байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Тиймээс ялангуяа цагдаа нарын цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

С.Чинзориг: Эдийн Засгийн өсөлтийг ард иргэдийнхээ амьдралд наах бодлогыг баримталж байгаа. Эдийн засгийн жаахан өсөлтийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Төрийн албан хаагчдын цалин 20 гару хувиар нэмэгдсэн. Цалинг нэмэгдүүлэхдээ инфляцийн түвшин болон ажлын байрны нөхцөлтэй уялдуудан нэмэгдүүлдэг. Цаашид цалин нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Өрхийн орлого өмнөх оныхоос 16 хувиар нэмэгдсэн гэсэн тоон судалгаа гарсан байна. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх бодлого үргэлжилнэ. 

Б.Бат-Эрдэнэ: Салбаруудын цалинг ялгамжгүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьт С.Чинзориг сайд бид нар санал нийлдэг байсан. Одоо тийм биш юм шиг байна. Хуулийн салбарын цалинг маш их нэмсэн. Цалин нэмээд ажилд өөрчлөлт гарч байна уу. Төрийн албаны цалин нэмэгдүүлснээс болоод бусад нь чирэгдэх эрсдэлтэй. Хувийн хэвшлийнхэн яах болж байна вэ. Цалин нэмэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байна. Үүнийг яаж зохицуулах вэ. 

С.Чинзориг: Засгийн газар цалин нэмэгдүүлэхдээ бага цалинтай иргэдийн цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Эхний ээлжинд багш эмч нарын цалинг нэмэгдүүлсэн. Ажлын байрны нөхцөл, ачаалал, албан тушаалын байдлыг харгалзан цалинг нэмсэн нь нэлээд үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. Төрүүлж өсгөсөн хүүхэд болгоны тоогоор 1.5 жилийн тэтгэврийн насанд нэмэх, гурав хүртэлх хүүхдээ асарч байгаа эхчүүдийн НД-ийн 50 хувийг төрөөс төлдөг байх зэрэг бодлогыг боловсруулж байна. Засгийн газрын шийдвэр гарч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах бодлого гаргах байх. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.