ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: Төв аймгийн Сүмбэр сумын зургаан хүүхэд сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүүхэд халдвар авсан нь илэрлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

Пүрэв гарагийн чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 
 

М.Билэгт: Иргэдээ ажилтай орлоготой болгохын тулд 30 жилийн өмнөх төрийн бодлогоо эргэж харах ёстой. Дотоодынхоо үйлдвэрлэлийг гаалийн татварын бодлогоор л хамгаалах ёстой. Гаднаас хямд үнэтэй бүтээгдэхүүн орж ирж байгаа цагт Үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжгүй. 

Ч.Хүрэлбаатар: Импортын татварыг нэмэх боломжгүй. Бид 2016 онд татвар нэмэхгүй гэсэн амлалтыг өгсөн. 

М.Билэгт: Эрүүл мэндийн чиглэлээр ямар бодлого оруулж байгаа вэ. 

Д.Сарангэрэл: Үндсэн чиглэлд ЭМЯ Сангийн яамтай хамтарч ажилласан. Өвдсөний дараа биш өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах асуудал ЭМЯ-ны гол бодлого. Урьдчилсан үзлэгээр 52 мянган хорт хавдрыг илрүүлээд байгаа. Сүрьеэгийн асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор сайдын тушаал гарч бүх сургуулиудад үзлэг хийгдэж байна. Үзлэгийн явцад халдварын болоод өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд зургаан хүүхэд сүрьеэгээр өвчилж, 200 орчим хүүхэд халдвар авсан тухай мэдээлэл ирлээ. Тиймээс 2020 онд урьдчилан сэргийлэх үзлэгийн бүрэн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг Сангийн яамтай хамтран ажиллаж байна.