ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сара Коннороос ХАТАН болсон түүх

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-16

Дэлхийн сая сая хүмүүсийг дэлгэцийн өмнө уяж чадсан хит цуврал “Хаан ширээний тоглоом” цувралын найм­дугаар бүлэг өндөрлөхөд ердөө хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр киноны төгсгөлийн ангийг үзэхийн тулд дэлхий даяар сая сая хүн ажлаа тасална гэх тооцоог ч мэргэжлийн байгууллагаас гаргаад буй аж. Гэхдээ энэ удаа киноны талаар бус найман бүлгийн турш үзэгчдэд хамгийн их үзэн ядагдсан, харгис, хатуу чанга, өөрийнхөө төлөө хэнийг ч золиослоход бэлэн Серсей хатны дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин бүсгүйг энэ удаагийн “Дэлхийн хүн” буландаа онцолж байна. Түүнийг Лина Хиди гэдэг. Тайван, даруу зан төрх, нуман хөмсөг түүний нэрийн хуудас. “Намайг Хидди гэдэггүй. Хиди гэдэг” гэж нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө дахин дахин дурссан түүний бүтэн нэр нь Лина Катрен Хиди бөгөөд 1973 оны аравдугаар сарын 3-нд төржээ. Хиди Бермудын Хамилтонд төрсөн ч, аав нь баруун Йоркширт хэсгийн төлөөлөгчөөр ажиллах болсноос хойш тэднийх тэнд амьдрах болсон гэдэг. Тэр Тим гэх нэг дүүтэй. Гарал угсааны хувьд ирланд гаралтай.

Хиди бага байхдаа гоо зүйн мэдрэмж, бие бялдрын зөв хөгжилтэй болох зорилгоор балетаар хичээллэж байсан ч, өөрийгөө жүжигчин болно хэмээн огт төсөөлдөггүй байжээ.  Гэвч, 17 насандаа ирээдүйн карьерынхаа анхны шанг татсан байна. Өсвөр насны охин сургуулийнхаа зургаан найзын хамт нэгэн компанийн шоунд үзүүлбэр үзүүлэх үедээ кино багийнхны анхаарлыг татаж, зураг авалтад оролцож үзэх санал авчээ. Ингээд 17 насандаа буюу 1992 онд “Waterland” дэлгэцийн бүтээлд дүр бүтээжээ. Тус киноны зураг авалтад оролцохдоо морь унах, нум сум харвах сургалт авсан нь жүжигчний ур чадвараа ахиулахад асар их хувь нэмэр оруулсан гэдэг. Мөн Лондонд боксын клубт тэтгэвэртээ гарсан боксчины дасгалжуулалт дор хичээллэдэг байв. Энэ мэт чадварт суралцсан нь түүнийг карьерынхаа туршид “The Cave”, “The Brothers Grimm”, “Me & You” зэрэг кинонуудад янз бүрийн дүрд хувирахад тусалжээ.

Түүний авьяас чадвар өссөөр эцэстээ хамгийн үнэ цэнэтэй жүжигчний нэг болсон байв. Зөвхөн Англид бус, түүнийг Энэтхэг, ОХУ, Румын, Мексик, Чех зэрэг орны уран бүтээлчид бүтээлдээ урьж тоглуулах болжээ. Гэхдээ түүнийг дэлхийн сая, сая кино сонирхогчдод ойртуулж, олонд таниулж чадсан дүр нь найруулагч Зак Снайдерын “300” кинонд бүтээсэн Корго хатны дүр байлаа. Энэ кинонд анх удаа нүцгэлж байжээ. Кино 2007 онд дэлгэцнээ гарсны дараа ихээхэн алдаршиж, дэлхий даяар 450 сая ам.долларын ашиг орлого олж чадсан байна. Мөн онд тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн 64-т эрэмбэлэгдэж байлаа. Үүний дараа Жэймс Камероны алдарт “Терминатор” франчайзын тавдугаар ангид тоглох боломж гарчээ. Тус кинонд бүсгүй Сара Коннорын дүрийг бүтээсэн юм. 2008 оны нэгдүгээр сараас 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт хоёр бүлгийн 31 ангид тогложээ. Тухайн үед кино сонирхогчид, шүүмжлэгчид ухаалаг, хатуу мөртлөө гунигтай, эмзэг Сара Коннорын дотоод сэтгэлийг гайхалтайгаар харуулж чадсаныг магтан сайшааж байв. 

“300”, “Терминатор” кинонуудад тоглохдоо жүжигчин нэг ангид нь л 300 мянган ам.долларын цалингаар тоглодог байсан. Тэдгээр уран бүтээлийн дараа хэд хэдэн кинонд тоглосон ч, төдийлөн амжилт олоогүй юм. Харин 2011 онд өмнөх орлогоо хоёр нугалах хэмжээний ашгийг өөрт нь авчрах кино төсөлд нэгдсэн нь “Хаан ширээний тоглоом” цуврал байлаа. Тус цувралын нэг ангид тоглохдоо 500 мянган ам.доллар авах болсон. Ийнхүү зөвхөн ганц цувралд тоглохдоо л 20 гаруй сая ам.долларын орлого олж чадсан байна. 

Серсей Ланнистер бол яах аргагүй кино урлагт өнгөрүүлсэн 10 гаруй жилийнх нь оргил дүр гэдэгт хэн ч маргахгүй биз. Манай үзэгчид ч түүнийг энэ дүрээр нь төсөөлж байгаа гэвэл хэтийдсэн болохгүй. Бүсгүй цувралд 2011 оноос өнөөдрийг хүртэл тоглохдоо нэг удаа “Алтанбөмбөрцөг”, дөрвөн ч удаа Эмми Авардсын шагналыг хүртсэн юм. Хиди цагаан хоолтон байсан. Энэтхэгт кино уран бүтээлд ажиллаж байхдаа махнаас татгалзах болсон ч, 2011 оны ярилцлагадаа дахин мах идэж эхэлсэн тухайгаа ярьсан удаатай. 

Харин хувийн амьдралыг нь сөхөж үзвэл, тийм ч тогтвортой амьдралтай нэгэн биш байжээ. 2007 оны тавдугаар сард тэрбээр Петер Лоуран гэх хөгжимчин залуутай гэрлэж, гурван жилийн дараа хүүтэй болсон байна. “Хаан ширээний тоглоом” киноны эхний улирлын зураг авалт үргэлжилж байхад жирэмсэн байсан гэнэ. Гэсэн ч, түүний гүйцэтгэл гайхалтай байсан тул багийнхан нь сольж зүрхлээгүй гэдэг. Кино багийнхан түүнийг жирэмсэн гэдгийг мэдэгдүүлэхгүй байхад онцгойлон анхаарч ажилласнаас гадна, хатны хувцас ч гэсэн том гэдэстэй гэдгийг мэдэгдүүлэхгүй байхаар хийгджээ. 

Гэвч, Хиди төрсний дараах сэтгэл гутралд хэт автаж, удалгүй нөхрөөсөө салах сонголт хийсэн аж. Дараа нь 2013 оноос GOT цувралд хамтран тоглосон жүжигчин Жером Флиннтэй дотноссон ч, бүтэлтэй болоогүй гэдэг. Эцэст нь багын найз, “Devil’s wedding” гэх богино хэмжээний кинонд хамтран ажиллаж байсан найруулагч Дэн Кадантай болзож эхэлсэн бөгөөд хосууд 2015 онд охинтой болжээ. Өнгөрсөн онд тэд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан юм. Харин охиноо хэвлийдээ тээж байхдаа бүсгүй  “Хаан ширээний тоглоом” цувралын тавдугаар бүлгийн зураг авалтад оролцож байсан бөгөөд кино зураг авалт дуусах үед охиноо төрүүлжээ. Энэ мэтээр түүний амьдрал бүхэлдээ л иймэрхүү цуврал кинотой холбогдсон юм.