ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Батзандан: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр ил болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-ны шинжээчид Монгол Улсад ирж, хэргийн баримт материалтай танилцах боломжтой болсон гэх мэдээллийг Түр хорооны дарга Ж.Батзандангаас тодрууллаа.

-Эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбоотойгоор ОУПХ-ны шинжээчид Монгол Улсад ирж, хэргийн материалтай танилцах боломжтой болсон гэх мэдээлэл байна? 
-Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн асуудлаар ОУПХ-ноос үндсэн  хоёр хүсэлт ирүүлсэн байдаг. ОУПХ-ны шинжээчид гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг олгооч гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан. Гэвч тагнуулын байгууллага шүүхийн шийдвэрийг нууцын ангилалд авч, ил гаргахгүй байсан. Түр хороо прокурорын байгууллагатай холбогдож ярьсны хүчинд гурван шатны шүүхийн шийдвэрийг ил гаргахаар боллоо. ОУПХ-ны гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял аваад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай уулзахыг хүссэн. Өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байна. Өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай уулзсаны хүчинд тэднийг уулзуулахад хууль эрхзүйн хувьд хориглох зүйл байхгүй гэсэн шийдвэр гаргалаа. ОУПХ-ны гол хүсэлтийг биелүүлж байгаа тул тус холбооны шинжээчдийг Монгол Улсад хүрэлцэн ирж болно гэдгийг мэдэгдлээ. Албан бичгийг албан ёсоор явуулж байна. Эрүүдэн шүүлт зөвхөн дээрх гурван иргэний асуудал биш. Хэргийг мөрдөн шалгах явцдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нараас гадна олон арван иргэнийг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүсэн, дарамталсан, амь насыг нь хөнөөсөн гэдэг гомдол иргэдийн зүгээс ирэх болсон. Ийм учраас Түр хороонд иргэдийг хүрэлцэн ирж бодитой мэдээллийг өгнө үү гэж уриалах байна.

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор энгийн иргэдийг эрүүдэн шүүсэн гэж байна. Энэ асуудлыг мөрдөн байцаалтаар тогтоочихсон юм уу. Хохирсон хэчнээн иргэн байгаа юм бэ?
-ОУПХ-ноос 50 гаруй хүсэлтийг ирүүлсэн байдаг. Энэ хэргийг илрүүлсэн болгож, хаах гэсэн сонирхол байна гэдгийг ОУПХ-ны дүгнэлтэд дурдсан. Тухайлбал, Д.Энхбат агсныг Европын холбооноос хууль бусаар баривчилж авчраад, 14 хоног хаана байлгасан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. ОУ-ын парламентын холбооны дүгнэлтэд ч энэ талаар дурдагсан байгаа. Энэ хүнийг С.Зориг агсны хэрэгт хэлмэгдүүлэн шалгахдаа хууль бусаар хулгайлж авчирснаас гадна, Монголд авчраад 14 хоног яргалсан байдаг. Хаана ийнхүү тамлан зовоосон нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Хоёр өмгөөлөгчийг нь удаа дараа айлган сүрдүүлж, хүүхдүүдийг нь барьцаалсан зэрэг олон асуудлууд гарч ирлээ. Эрүүдэн шүүлт маш өргөн хүрээтэй, нарийн зохион байгуулалттай явагдсан гэдэг нь харагдаж байгаа юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гэрч, гэмт хэрэгтнүүдийн талаар мэдээлэлтэй байгаа зарим иргэд гадаадад зугатаж амьдарч байгаа талаар ч мэдээлэл байгаа. Энэ хүмүүсийг Түр хороотой холбогдоосой гэж хүсье. Мөн энэ хэрэгт холбоотойгоор дарамтад орсон иргэд хөдөө орон нутагт нуугдаж амьдарч байгаа гэх мэдээлэл гарлаа. 

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах асуудал яригдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилсээр эрүүдэн шүүж, хилс хэрэг тулгасан гэдэг итгэл үнэмшил Түр хорооны гишүүдэд байна. Гэмгүй иргэдийг хэлмэгдүүлсэн гэдэг нь тодорхой харагддаг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахын тулд эрх зүйн гаргалгаа, гарцуудыг бид судалж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар гэрчээс мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүх замаар авсан, гэрчийн мэдүүлэг нь худал болох нь нотлогдсон,  шинэ нотлох баримтууд илэрсэн тохиолдолд Улсын дээд шүүх хяналтын журмаар, нийт шүүгчдийн бүрэлдэхүүнээр хэргийг дахин авч хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах боломж байдаг. Улмаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломж байгаа талаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон прокурорын байгууллагын удирдлагатай ярилцаж байгаа. Хэлмэгдсэн иргэдийг чөлөөлөх, цагаатгах асуудал хуулийн хүрээнд явах ёстой.