ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Бат-Эрдэнэ: Төрийн өндөр албан тушаалтан төсвийн тендерт оролцохыг хориглосон хууль санаачилна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

УИХ-ын баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

С.Бямбацогт: Зөвшөөрлийн хуулиар зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг зохицуулсан байгаа. Газар олгох, цагаачлах эрх олгох, патентын харилцаа зэргийг тьөр заавал өөрийн мэдэлд байлгадаг байх зохицуулалтыг оруулж байгаа. Тусгай зөвшөөрлийн хамгийн багадаа таван жилийн хугацаатай олгоно. Ингэснээр хүнд суртал, чирэгдлийг багасна гэж тооцоолсон. 

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Олон улсын сайн туршлагыг хэрхэн тусгасан бэ. Бусад улс орнуудад тусгай зөвшөөрлийг дагасан авлига, хээл хахууль их байдаг. Үүнээс сэргийлэх талаар гадны орнуудын сайн туршлагыг хэрхэн тусгасан бэ. Төрөөс олгож байгаа тусгай зөвшөөрлийн талаар үнэхээр дарамталж, хааж боогдуулдаг асуудал байдаг. Хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал их маргаантай байна. Энэ талаар ямар зохицуулалтыг хэрхэн хийх вэ. Уул уурхайн лицензүүд цаашид энэ янзаараа явах юм уу. 

С.Бямбацогт: Тусгай зөвшөөрөл гэдэг авлигын эх үүсвэр болж байна гэдэг асуудал яригдсаар ирсэн. Төрийн албан хаагчид яаж хүнд суртал гаргах вэ, яаж гуйлгах вэ гэсэн хандлагатай байгаа учраас л аюлига аваад байгаа. Ил тод шуурхай байх ёстой. Зөвшөөрөл олгох хугацааг тодорхой оруулж өгсөн. Мөн бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх гэж тусгасан. Үүнээс гадна хуульд зааснаас бусад аливаа бичиг баримт, төлбөр хураамж авахыг хориглоно гэж заасан. Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгоно гэж заасан. Нарийвчилсан харилцааг бусад хуулиараа зохицуулна. 

Б.Бат-Эрдэнэ: Банкны тусшай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Энэ танхимд банкны эзэд олон байна. Зөвшөөрөл аваад дампууруулчихаад ард түмнийг хохироодог. Төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс төрийн төсвийн тендерт оролцохгүй. Тусгай зөвшөөрөл шинээр эзэмшихгүй. Аж ахуйн нэгж эрхэлж байсан хүмүүс түүнээсээ үнэн бодитоор салж, тухайн аж ахуйн нэгж нь бусад аж ахуйн нэгжтэй адил үйл ажиллагаа явуулах ёстой. Ж.Мөнхбат гишүүн бид ийм хуулийн төслийг оруулж ирнэ.