ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даваа гарагаас нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

Ирэх даваа гаригаас автобусны чиглэлд өөрчлөлт орж буй талаар Нийтийн тээврийн газраас өнөөдөр /2019.05.17/ мэдээлэв. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор экспресс чиглэлийг нэвтрүүлжээ. Энэ нь иргэд таван шараас зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-15 минут зарцуулах боломж бүрджээ. Тодруулбал, шинээр гурван экспресс чиглэлийг нээсэн нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад л зогсож үйлчлэх юм. Тухайлбал, иргэдийн хамгийн их дамжин суудаг таван шар, саппоро, 10 дугаар хороолол, Ард кино театр зэрэг тодорхой зогсоолоос иргэд зорчих боломжтой ба бүх автобусны буудал бүрт зогсохгүй юм байна. Экспресс чиглэл нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.

Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”:

Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд 5 шар, Хар хорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”:

Энэ чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.

Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”

Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурна. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.

Ч:30А, Ч30Б ЧИГЛЭЛҮҮДИЙГ НЭГТГЭЖ, Ч:30 ШИНЭ ЧИГЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Ингэснээр Дамдинсүрэнгийн гудамж орчимд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй хүмүүст эл үйлчилгээ хүрч байгаа юм байна. Энэ чиглэл нь хотын бүх чиглэлд зорчих боломжтой гэдгээрээ онцлог аж. Тодруулбал, "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлд өөрчлөлт орж БЗД-ийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а "Жанжин клуб-Зүүн дөрвөн зам-МУБИС-Ард кино театр", "Ч:30б Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлүүдийг нэгтгэн нэг чиглэл болгожээ.

Мөн богино эргэлийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннүш 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэд энэ чиглэлээр үйлчлүүлэх боломжтой. Тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй ба 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэж байгаа аж.