ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох ёсгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан. Тодруулбал, эдгээр гишүүдэд намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “УИХ дахь МАН-ын бүлэг уг шийдвэрийг буруу гэж үзэж байгаа. Би Батбаатар даргатай хоёр ч удаа утсаар ярьсан. Ш.Раднаасэд гишүүнд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх заалттай холбогдуулан хариуцлага тооцож байгаа юм байна гэж харсан. Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгой компанид шалгалтын материал гаргаж өгснийг буруутган хариуцлага тооцсон гэж ойлголоо. УИХ-ын гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр үг хэлж, байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй.

Д.Дамба-Очир гишүүн Оюутолгой компанид бичиг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй. Улсын нууцтай холбоотой материал гаргаж өгөөгүй. Шалгуулсан байгууллагаас хүсэлт тавьсны дагуу бичиг хүргүүлсэн юм билээ. Тиймээс би намын хяналтын хороог дахин хуралдахыг хүссэн хүсэлт тавьсан. Энэ шийдвэрээ эргэн хараач, арай хурдан, түргэн шийдсэн юм бишүү. Хууль хяналтын байгууллагаас тогтоогоогүй асуудлаар гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй гэсэн байр, суурийг илэрхийлсэн. Нотлох баримтгүй гоомой шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүнийг үг хэлсний төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсны төлөө хариуцлага тооцоод байвал УИХ-ын гишүүд ажиллах боломжгүй болох юм биш үү гэж би хэлсэн. УИХ-ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдэл хуулийн байгууллагаар тогтоогдсон бол хариуцлага тооцно.

Түүнээс хэвлэлээр гарсан мэдээллээр хариуцлага хүлээлгээд байвал 64 гишүүн бүгд хариуцлага хүлээн биз дээ. Оюутолгойн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэнэ” гэлээ.