ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Талийгаач гэмтлийн улмаас нас барсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-19

АН-ын удирдлагууд талийгаач Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээлэхдээ “Талийгаач хоёр давхрын гонхноос унаж нас барсан байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаадад иж бүрэн шинжилгээ хийлгээд эрүүл гэсэн хариу авсан байдаг. Соошлоор талийгаачийг муулах, доромжлох Монгол бус авир гаргаж байгаад харамсаж байна. АН-ын зүгээс уг хэргийг ямар нэгэн гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас талийгаачийн үхлийн талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа. Үхлийн шалтгааныг нэн яаралтай тогтоож мэдээлэл өгөх байх гэж итгэж байна” гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Талийгаач Төрийн ордны камерт бичигдсэн ямар нэг баримт материал байсан болов уу?

-Төрийн ордонд хоёр гуравхан камертай. Чуулганы үүдэнд нэг камертай. Осол болсон газар ямар нэг камер байхгүй байгаа. Цагдаагийн байгууллага ямар нэг албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээллийн байгууллага шатнаас унасан, зүрх нь хаагдсан гэх мэт баталгаагүй мэдээлэл тараасан нь маш хурдтай тархсан. Яагаад ийм ташаа мэдээллийн хурдан тараах болов гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас албан ёсны баримт мэдээлэл дэлгээгүй байна. Хэрэг шатны  ойр орчинд бус Засгийн газрын хуралдааны танхимын хавьд гонх гэж нэрлэдэг нэг хоёр давхрын хоосон орон зайд өндрөөс унасан байсан. Унасан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Харин үхлийн шалтгаан нь гэмтлийн улмаас гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон. Түүнээс биш хэвлэлээр мэдээлж буй шиг зүрх хаагдсан, шатнаас унасан зүйлгүй.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа. Химийн буюу нарийвчилсан шинжилгээний дүгнэлт гарахад 14-21 хоног болдог. Гадна талын үзлэг болон задлан шинжилгээний дүгнэлтүүд гарч эхэлсэн. Эхний байдлаар гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлтүүд гарсан.

-Хамгийн сүүлд  АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?

-Нэр бүхий жиргээчид болон соошл орчноор ийм мэдээлэл гарч байгаа. 15:00-18:20 цагийн хооронд авто уралдаантай холбоотой ажлын хэсгийн хуралдаан болсон. Хуралдааны танхимаас хүмүүс 18:30-д гарсан байдаг. 18:33-18:36 минутын үед талийгаач АН-ын дэд дарга н.Дэлгэрмаатай утсаар ярьсан юм билээ. Хуралдаанд оролцсон оросын талын төлөөлөгчидтэй оройн хоолонд орох талаар ярьсан юм байна. Чуулганы танхимын урд талын камерт 18:35 минутын орчимд гурван давхраар баруун тийш алхаж явсан дүрс бичигдсэн байна. 19.09 минутад нэгдүгээр давхарт унасан байдалтай олдсон. 19:57 минутад цагдаагийн байгууллагад анхны дуудлагыг өгсөн байдаг. Дуудлагыг яагаад ийм удаж өгсөн талаар эргэлзээ төрүүлж байгаа юм. Сүүлийн 20 минутад талийгаачийг хаана хэнтэй уулзсан талаар хүмүүс эрэл, сурал хийж байна. Тухайн үед 15:00-18:00 цаг хүртэл АН дотоод хуралтай байсан. С.Эрдэнэ дарга тухайн үед ордонд бус намын төв байранд хуралд байсан. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад хэнтэй уулзсаныг тогтоосон. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн хүний нэр тодорч байгаа. Тэр хүн бол талийгаачтай 20 минут орчим өрөөндөө уулзаад, гарсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна билээ.

-Гэр бүлийн зүгээс нь ямар байр суурьтай байгаа вэ. Хөндлөнгийн шинжээч оруулж байгаа гэсэн?

-Шүүх шинжилгээтэй холбоотой маш их маргаан гардаг учраас шүү шинжилгээнд итгэх олон нийтийн итгэл сул байгаа. Ар гэрийн зүгээс задлан шинжилгээнд хөндлөнгийн гэрч байдлаар хүн оруулъя гэсэнхүсэлттэй байгаа юм. Гэр бүлийн хүн орж болох хэдий ч задлан шинжилгээний талаар мэдлэгтэй хүн байх ёстой гэсэн үүднээс мэргэжлийн эмч нарыг оруулъя гэдэг хүсэлтийг тавьсан. Үүнийг прокурорын зүгээс зөвшөөрөөгүй юм билээ. Яагаад гэдгийг нь прокурорын байгууллага тайлбарлах байх.

-Талийгаачийн сүүлийн үед ажиллаж байсан улс төрийн ямар нэг шалтгаан байсан уу?

-АН сүүлийн үед гарч байгаа хууль бус олон үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ эн шүүмжлэл ийм хэмжээний асуудалд хүргэсэн гэж одоогоор бодохгүй байна. Учир битүүлэг байдлаар нас барсан гэдэгтэй бол 100 хувь санал нийлж байгаа. Гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байгаа. Эрүүл хүн шат болон гонхноос унах ямар ч үндэслэл байхгүй. Шат болон гонхны хооронд нэлээд зайтай.