ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Талийгаач Г.Батхүүгийн асуудлаар ЦЕГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-19

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр АПУ компанийн захирал, АН-ын дэд дарга Г.Батхүүтэй Төрийн ордонд хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг аж. Тэрбээр, Цагдаагийн байгууллагад очиж гэрчийн мэдээлэл өгчээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Н.Номтойбаяр гишүүн ярихдаа “АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амиа алдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлье. Монголын ард түмэн бүгд эмгэнэн гашуудаж байгаа байна. Би тэр өдөр хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг юм шиг байна лээ. Бид хоёулаа авто спортоор хичээллэдэг.

Бид хоёр ордны коридорт таараад хамт алхаад явж байсан. Манай өрөө рүү хамт орсон. Бид хоёр 10-15 минут ярилцаж сууж байгаад гараад явсан. Харин би 19:18 минутын үед бүлгийн хурал руу орсон. Картаа тэгж бүртгэгдсэн байна лээ. Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар гээд бүх хүмүүс байсан. Мөн бүлгийн хурлын танхимын үүдэнд сэтгүүлчид ч байсан. Талийгаачтай ойрхон байсан. Гэр бүлд нь очиж эмгэнэл илэрхийлж амжаагүй байхдаа ийм мэдээлэл хийж байгаадаа харамсаж, уучлалт гуйж байна” гэлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид түүнээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-Та тэр өдөр согтуу байсан юм биш үү?

-Тийм зүйл байхгүй ээ. Өдөр БНХАУ руу томилолтоор явсан гишүүдтэй уулзаж хоол идсэн. Ши Жиньпин даргатай уулзсан, ийм бэлэг сэлт өгсөн гэж гаргасан. Тэрнээс нь ганц нэг хундага татсан байх. Өөрөөр халамцуу байсан гэсэн ойлголт байхгүй.

-Автораллигийн олон улсын уралдаанд оролцох ОХУ-ын талын хүмүүсийн зардлыг манай тал даах ёстой гэж маргалдсан юм биш үү?

-Хуралд юу болсон талаар яриагүй. Ямар ч байсан “Торгоны зам” олон улсын хуралдаан долдугаар сард болно гэж ярьж байсан. Гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд хуралдсан гэсэн. Бидний хувьд өнгөрсөн таван жилийн Монгол Улсын автоспортын байгууллагын ажлыг дүгнэх, тамирчдын цол зэргийг ярилцах талаар ярьсан. Г.Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг байсан. Миний зүгээс манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдээч гэдэг хүсэлт тавьсан. 44 мянган авто спорт сонирхогчдын өмнө хэвлэлийн хурал хамтарч хийе гэж ярьсан.

-Таньтай уулзах үед биеийн байдал нь ямар байсан бэ. Сэтгэл санаа нь хэвийн байсан уу?

-Жаахан турсан байна лээ. Ах нь эмчилгээ хийлгэж байсан гэсэн. Нүүрнийх нь судас нэлээд улайсан байна лээ. Сэтгэл санаа нь зүв зүгээр байсан.

-Байнга хамгаалагчтай явдаг байсан юм билээ?

-Надтай уулзахдаа ганцаараа явж байсан. Төрийн ордон чинь тэр чигээрээ л камер баймаар юм. Хэдийгээр амиа алдсан газар нь камергүй гэж байгаа ч гэсэн. Намайг бүлэг рүү орж байхад үүдэнд сэтгүүлчид байсан. Төрийн тусгай хамгаалалтынхан ч бас байсан.

-Хүмүүс маргалдаж байгаа, чанга чанга ярьсан дуу сонссон гэх сэтгүүлчид байгаа юм билээ?

-Тийм дуу сонсоогүй.

-Та бүлгийн хурал дээр Ерөнхий сайдтай маргалдсан юм уу?

-Маргаан байнга л явж байдаг шүү дээ. Тэр өдөр чинь хоёр гишүүнд нам дэмжлэг үзүүлэхгүй гэх асуудал яригдсан. Ер нь таалагдахгүй нэгнээ ингэж болохгүй шүү дээ гэдэг асуудлыг тавьсан. Баасан гарагийн бүлгийн хурал, тэрний өмнөх бүлгийн хурал дээр ч маргалдсан. Гэхдээ хувийн шинжтэй маргаан биш. Удирдлага зохион байгуулалтын асуудалтай холбоотой маргаан л явж байгаа.

-Таны өрөөнөөс гарахдаа хэн нэгэнтэй уулзана гэж ярьсан уу?

-Миний өрөөнөөс ганцаараа гарсан. Уулзаж байхад гаднаас хэн нэгэн орж ирээгүй. Мөн надтай уулзах гэж ч хүн орж ирээгүй. Гэхдээ ах нь яаруу явж байна. Гадаа хүн хүлээлгэчихсэн гэж ярьж байсан. Миний өрөөнд манай зөвлөх, талийгаач, бид гурав л байсан. Зургадугаар сарын 14-ны өмнөх хуралдааны өмнө утсаар ярина аа гээд гарсан.

Б.Тогтох