ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголоор дүүрэн модератор, панелистууд

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-20

Төрийн ордны Их танхим, “Шангри-Ла”, “Туушин”, “Холлидэй Инн”, “Новотел”, “Пума Имперал”, “Чингис”, “Кемпинский”, “Корпорейт” зэрэг Монголын томоохон зочид буудлуудын хурлын танхимууд жилийн дөрвөн улиралд захиалгадаа дарагддаг болжээ. Тэнд өдөр бүр ямар нэг байдлаар хэлэлцүүлэг, уулзалт, сургалт, семинар болж байгаа. Цаашлаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүр Засгийн газрын сайд нарын ивээл дор хуралдаж, элдвийн форум хийдэг болов, энэ улс. Ямар байдлаар ивээлээ өгдгийг ч мэдэх юм алга.  Хуралдах орчин, тайз засалтын тухайд ярих юм биш. Их гоё цагаан бүрээстэй сандал битүү өрчихнө. Суух сандал дээр нь 1-2 тараах материал, ном байрлуулахаа бас мартахгүй. Гадаа нь хэдэн бялуу, жигнэсэн боов, кофе, цай тавьчихсан эдгээр хурал, хэлэлцүүлгийн хэлэлцэх сэдвийнх нь агуулга, оролцох зочдынх нь мундагийг ярих ч юм биш. “Хаан ширээний зүй ёсны залгамжлагч, боолын гинж таслагч, луугийн эх” гэдэг шиг “Тэр газрын, тийм ТББ-ын эрдмийн зэрэг цолтой, ийм, ийм албан тушаалтай” гэх мэтээр намтар ч арвин үргэлжилнэ. Хуралд гоё зангиа зүүж, гоонж өмссөн залуус битүү суучихсан. Гэвч дийлэнх олонхи нь хурал хурдан дуусаасай, нүүр номондоо ганц зураг оруулчихаад харих юмсан гэсэн залхсан царайтай байдаг нь худлаа биш л дээ. Өөрсдийгөө панелист, модератор гээд нэрлэчихнэ. Тухайлбал, нүүрсээр занималдсан нэг залуу өөртөө “Уул уурхайн эдийн засагч” гэдэг нэр өгчихөөд хэчнээн ч жил нүүрсний салбарын форум зохион байгуулав. 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан энэхүү форум жил бүр л илүү гоё зочид буудлын хурлын танхимд илүү гоё тайз засалттай, илүү олон модератор, панелистуудыг төрүүлж гаргажээ.

Гагцхүү гарсан үр дүн нь өнөө хэр харагдсангүй. Хамгийн сүүлд “Технологийн дэвшилд хамтдаа” гэх сүржин уриа гаргаж хуралдсан ч оролцогчид нь “унтаж”, өмнөх ярьсан зүйлээсээ нэгийг нь ч биелүүлээгүй учраас хөрөнгө оруулагчид нь залхаад хуралд оролцоогүй гэдэг. Ганцхан нүүрсний салбараар гэхэд л жилдээ 4-5 удаагийн хурал чуулган, форум болж байна. Тэр болгонд цөөхөн хэдхэн эдийн засагчид нөгөө л ярьдаг сэдвээ хэдхэн тоо баримтаар баяжуулаад илтгэл хэмээгээд индрээс том дуугаар унших юм. Илтгэлийн утга санааг товчилвол, “Хөрөнгө оруулалт татахын тулд хууль эрхзүйн орчноо өөрчлөх шаардлагатай байна. Монголын уул уурхайн тэргүүлэх чиглэл бол боловсруулсан үйлдвэр байгуулах явдал юм. Хөрөнгө оруулалт татахын тулд Монголын улс төрийн орчин тогтвортой байх ёстой” гэсэн ерөнхий агуулгатай. Үүн дээрээ статистикийн тоо баримтаас хуулбарласан хэдэн тоо нэмээд л, хувийн үзэл бодлоо шингээж, төрөө муулчихвал тэгээд л илтгэгч, бас панелист. Үнэхээр мундаг боловсролтой, өндөр боловсрол эзэмшсэн залуус тэдний дунд байгаа юу гэвэл байгаа. Залуу үеийнхээ дуу хоолойг сонсож, төр түүний бодлогодоо тусгах нь зүйн хэрэг. Гэвч тайзнаас буучихвал бүтээсэн зүйл юу ч байхгүй, төр шүүмжилж л байвал мөнгө олдог, зөвхөн хурал, цуглаан форумаар бизнес хийгээд гаршчихсан тайзны эрдэмтэн, илтгэгч, судлаачид энэ улсад дэндүү олон болоод байгаа юм. Цаасан дээр бичсэнээ хөрсөн дээр буулгаад ажил болгож чадахгүй, гоонж өмсөөд дарга нартай зураг татуулаад явж байвал өөрийгөө мундаг эдийн засагч гэж сэтгэдэг цагаан захтай, цагаан гартай бүхэл бүтэн нэг үеийг эдгээр форум, хурал чуулган бэлтгэж байна. Саяхан соошл орчинд нэгэн бизнес эрхлэгч эмэгтэй яг энэ сэдвийг хөндсөн байна билээ.

Тэрбээр, “Эдийн засгийн өсөлт зогссон сүүлийн хэдэн жил хурал, цуглаан гайхамшигтай өсөлттэй байна. Гэвч тайзны гарууд олшроод байх шиг. Нэг л их JCI, Ротари ярьсан, модератор, панелист залууг ажилд авлаа. Ажил хийхээс бусдыг бол чаддаг юм байна. Мандат зүүж, кофе уухыг бол харин ч сайн чаддаг юм билээ” хэмээн бичжээ. Үүнтэй олон хүн санал нэгдэх биз ээ. Монгол Улсын эдийн засаг хурал хийсэн тоогоороо сэргэдэг байсан бол, нүүрсний салбарыг найман жил ярилаа гээд өөрчлөгддөг бол бид ядахдаа л Зүүн Азийн орнууд дундаа тэргүүлэгч болчихсон, хоёр их гүрэнтэйгээ эн зэрэгцээд зиндаархаж явах байлаа. Даанч тийм зүйл болсонгүй. Энэ улсын эдийн засаг илүү муудсан уу гэхээс сайжирсан зүйл алга. Монголчууд картын бараанд очерлож байсан шигээ өдгөө түлэх нүүрс, идэх махныхаа төлөө очерлож байна. Нүүрсний салбар нөгөөх л бахь байдгаараа. Бичил уурхайдаа залуус нь дарагдаж амиа алддаг, нүүрсээр занималдсан хэдэн панелист, модераторууд нь төрийн өмчийн ганц уурхайгаа тал талаас нь хэмлээд завгүй явна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд болсон Хөрөнгө оруулалтын чуулганы тоо ч замбараагаа алдав. Засгийн газраас жил бүхэн “Хөрөнгө оруулалтын орчин” гэсэн том форум зохион байгуулдаг. Гэтэл “Ард” даатгал гэх хувийн компани мөн л “Хөрөнгө оруулагч үндэстэн” гэх шинэ форумыг бий болгов. Мөн жил бүхэн хөрөнгө оруулалтын “Invest mongolia” гэх чуулган болж байгаа.

Энэ балайрал, дэмийрэл эцэстээ орон нутаг руу халдаж, аймгууд ээлж дарааллан хөрөнгө оруулалтын форум хийцгээдэг боллоо. Улаанбаатар, Налайх, Төв, Хөвсгөл гэх мэтээр үргэлжлээд явж байгаа. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт орчихдог бол сайхан л хэрэг. Гэвч, 1-2 сая ам.доллароор хэмжигдэх жижиг үйлдвэр зэргийг хөрөнгө оруулалт гэж тооцож арай боломгүй. Ерөөс чуулга уулзалт, семинар, форумаар мөнгө олдог, тэндээс ашиг зулгааж бизнес хийдэг ТББ-ууд хэтэрхий олон болсныг л энэ үйлдэл харуулж байгаа юм. Төр нь жил бүхэн хөрөнгө мөнгө зараад эдийн засгийн форум хийж байхад, хувийн хэвшил нь яг адилхан утгатай, яг адилхан сэдэвтэй форумыг мөнөөх л төрийн ивээл, том дарга нарын хаялгаар найман жил тасралтгүй хийжээ. Эдийн засагт харин өөрчлөлт гарсангүй. Эцэстээ өмнө нь “шинэ” гэдэг үг нэмчихээд форум хийдэг болжээ, тэд. Жил бүрэн шилдэг татвар төлөгч, ТОП-100, шилдэг эдийн засагч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг янз бүрээр тодруулдаг ч энэ бүхэн улс орны эдийн засагт ямар үр өгөөжтэй нь өнөөдрийг хүртэл тодорхой бус. Татвараа үнэнчээр төлсөн аж ахуйн нэгжээ урамшуулах нь байж болох зүйл ч энэ бүхэн хэтэрхий туйлшрал руу яваад байгааг шүүмжлэхгүй өнгөрч боломгүй. ТББ-тай хүн бүхэн зохион байгуулдаг бус төр нь хувийн хэвшилтэйгээ хамтраад нэг удаа даацтай зохион байгуулаад, үйлдвэрлэл эрхлэгчдээ урамшуулдаг болчихвол асуудал алга. Монголоор дүүрэн байгаа мандат зүүсэн эдгээр залуус төрөө зүхэж, шүүмжилж зогсох бус төртэйгөө нэгдэж, нийлээд хуралддаг, гарц гаргалгаа хайдаг болчихвол асуудал алга. Жилдээ нэг удаа даацтайхан хуралдаж, чуулаад гарц гаргалгаа хайдаг, тэндээс дэвшүүлсэн уриа, лоозонгоо ажил хэрэг болгох гэж зүтгэдэг бол хэчнээн сайхан. Даанч бизнесмэн бүсгүйн шүүмжилсэн шиг мандат зүүж, кофе уудаг залуус Монголоор нэг байна. Харин хийдэг, бодит ажил болгодог нь даанч цөөхөн юм даа.