ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголыг Холливудад сурталчлах “Burn your maps”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-20

Монголын тухай Холливудын кино байдаг. Ийн хэлэхэд итгэхгүй хүн байж мэднэ. Гэхдээ л энэ үнэн. Бүр Холливудын чадварлаг жүжигчид тоглосон кино байдаг юм. Тус киноны нэр нь “Burn your maps”. Кино гурван жилийн өмнө буюу 2016 оны есдүгээр сард Калгаригийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийж байв. Гэхдээ албан ёсны нээлт нь ирэх сард болох нь ээ. Дэлгэцнээ гарснаас хойш гурван жилийн дараа албан ёсоор нээлтээ хийх гэж буй эл бүтээл 102 минут үргэлжлэх бөгөөд Монголд хайртай бяцхан хүүгийн тухай өгүүлдэг байна. Албан ёсны нээлтээ хийхдээ чухам яагаад удсан тухайгаа найруулагч Жордан Робертс тайлбарлаагүй аж. Гэсэн ч, эл бүтээл Монголыг дэлхийн тайзнаас сурталчлах маш том боломж хэмээн олзуурхан хүлээн авч байгаа юм. 

Киноны гол дүрд “Өрөө” киногоор өөрийн төрмөл авьяасаа тултал нь харуулж чадсан бяцхан жүжигчин Жэйкоб Трамбле тоглосон бол “The Conjuring”, “Bates Motel” киногоороо манай үзэгчдэд илүүтэй танигдсан Вера Фармига, жүжигчин Мартон Чокаш нар түүний эцэг, эхийн дүрийг бүтээжээ. 

Кинонд зургаан сартай охиноо алдаж, хосын харилцаа нь хөндийрч буй америк гэр бүлийн тухай өгүүлнэ. Харин тэдний найман настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трамбле/ хачин жигтэй сонирхолтой нэгэн байх бөгөөд өөрийгөө буруу газар төрсөн монгол малчин Ганзориг хэмээн төсөөлөн боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхээ хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийж, мөрөөдлөө биелүүлж буй тухай гардаг байна. Киноны зохиолыг найруулагч Жордан Робертс богино өгүүллэгээс санаа авч өөрөө бичжээ. Зураг авалтыг нь Канадын Альберта мужийн хамгийн том хот болох Калгари хот болон Монгол Улсад хослуулан хийжээ. Киноны үйл явдал хүүгийн төрсөн нутаг гэх Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ойролцоо өрнөдөг байна. Гэхдээ уран бүтээлчид хоёр удаа л Монголд зураг авалт хийсэн аж. Инээдмийн, адал явдалт кино 2016 онд Калгаригийн наадмаас “Үзэгчдийн кино зохиол” шагналыг хүртэж байсан билээ. Сонирхолтой нь киноны зураг авалтыг Монголд хийсэн гэдэг ч ахуй байдал нь манай улсын хөдөөгийн амьдралаас хол хөндий, эргэлзээтэй зүйл ихтэй  болсон гэх шүүмжлэл байдаг юм. Үүнийг киног үзсэн үзэгчид ч хэлдэг аж. Найруулагч, зохиолч Жордан Робертс ч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрсөн удаатай. 

Тэрбээр “Зохиолыг аав, ээж, эхнэр маань ч уншсан. Бидэнд ердөө л 17 хуудас өгүүллэг байсан. Нэгэн гэр бүлийн хоёр өдрийн амьдралын тухай. Тэнд Монгол руу аялал хийж буй тухай ямар ч хэсэг байхгүй. Зөвхөн монгол малчны хувцас өмсчихөөд тайлахгүй байгаа хүүгээсээ болон маргалдаж буй хосын тухай л өгүүлдэг. Кинонд өгүүлсэн шиг утга агуулга байхгүй. Кинонд жаахан эргэлзээтэй зүйл байгаа нь үнэн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсчээ. 

Хүү мөрөөдлөө биелүүлэхээр Монголын тал нутгийг эцэг эхийнхээ хамт зорьж буй хэсгийн зураг авалт манай улсад хийгдсэн байна. Зураг авалтад Монголын уран бүтээлчид, ард иргэд ч туслалцаа үзүүлжээ. Улмаар нийслэл хотод ирж, дараа нь суудлын машинд донсолгон хөдөөд ирж байгаа тэр хэсэг хүртэлх зургийг Монголд авсан байх бөгөөд түүнээс хойшхи үйл явдлын зургийг Альбертад авсан байна. Найруулагчийн ярьснаар Монголын байгальтай төстэй байдлыг нь харгалзаж, зураг авах газраа сонгосон нь энэ аж. Хэдий кино зургийг бүхэлд нь Монголд авч, манай соёл уламжлал, мал аж ахуй, нүүдэлчин соёлыг харуулаагүй ч, зурвас хэсгээр Монголыг дэлхий дахинаа сурталчилж чадсан эл бүтээл ирэх зургадугаар сарын 21-нд албан ёсоор нээлтээ хийнэ.