ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Цэнд-Аюуш: Цэцэрлэгүүдийн 53 хувь нь мэргэжлийн багшгүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

НМХГ-аас төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар НИХГ-ын  Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэхдээ “Нийт 274 боловсролын байгууллага шалгалтад хамрагдлаа. Шалгалтын явцад давхардсан тоогоор 2860 зөрчил дутагдал илрүүлж, 128 албан шаардлага, 30 албан даалгаврыг хүргүүллээ. Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтанд 44 сая төгрөгийн торгууль, шийтгэл ногдууллаа. Боловсролын хяналтын чиглэлээр нийт 109 байгууллагыг шалгасан.

Шалгалтаар 39 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг хангахгүй байгаа нь тогтоогдсон. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 28 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53 хувь нь мэргэжлийн багшгүй байгаа зарчил илэрсэн. Харин 50 хувь цэцэрлэгийн зориулалтын байргүй байгаа юм. 84 хувь нь гадна тоглоомын болон биеийн тамирын талбай байхгүй байсан бол 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй байсан зөрчил илэрсэн. Нийт зөрчлийн 614 нь сургалтын орчинтой холбоотой зөрчил илэрч байгаа нь манай улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин шаардлага хангахгүй байгааг харуулж байна.

Эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр нийт 105 цэцэрлэгийг шалгасан. Шалгасан эцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж, дулаан, цэвэр бохир усны сангийн шугам хоолой элэгдэлд орж, засвар үйлчилгээ хангалтгүй байгаа нь хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэлээ. Төрийн өмчит цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин их хүүхэд хүлээн авч байгаатай холбоотойгоор хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 1.5-2 дахин их байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдаж, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин тархах, багш нарын хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа юм” хэмээн мэдээллээ.