ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Цогтбаатар сайд Чех улсад айлчилж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-20

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа аж. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм байна.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт  хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улс ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Гадаад хэргийн сайд Томаш Петржичек хоёр улс газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог хэдий ч ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг онцлон дурдаж, Монгол Улстай харилцах харилцаа нь тус улсын гадаад харилцааны тэргүүлэх зорилтуудын нэг болохыг илэрхийлсэн байна.