ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг багасгав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-20

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Одоогоор автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжжээ.

“Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа талаар тэргүүлэгч Ш.Үнэнбат  ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбатаас тодрууллаа. Тэрбээр “Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг” гэлээ. 

Мөн Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ” гэдэг мэдээллийг өглөө. 

Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж, зуны бүсчлэлийн тойргийг тогтоолын хавсралтаас хасав. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо.