ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Энхболд: Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 800 сая ам.долларт хүрч, 18 хувиар өссөн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболдтой ярилцлаа.  

-Гадаад худалдаа гэхээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ л зардаг гэдэг ойлголт байдаг. Тэгвэл Монгол Улс уул уурхайн бус бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ чиглэлд бодлого гаргах түвшний хүмүүс ч анхаарч эхэлсэн. Харин ахиц гарч байна уу?

-Монгол Улс өнгөрсөн жил нийтдээ 13 тэрбум орчим ам.долларын худалдаа хийсэн. Тэгэхдээ долоон тэрбумын экспорт хийсэн байна. Худалдаа 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Долоон тэрбум ам.долларын экспорт хийснээс уул уурхайн бус бүтээгдэхүүний  экспортоос 800 орчим сая ам.долларын орлого олсон. Үндсэндээ нийт экспортын 11.4 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүнийх гэсэн үг. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг 2017 онтой харьцуулахад 2018 онд 18 хувиар өссөн. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт сүүлийн хоёр жил нэмэгдэж байна. Ноолуур, ноосон эдлэлийн экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. 2018 онд 410 орчим сая ам.долларын ноолууран бүтээгдэхүүн экспортод гаргасан. Мах, махан бүтээгдэхүүний экспорт харьцангуй нэмэгдсэн. Ялангуяа хагас буюу дулааны аргаар боловсруулсан махны экспорт нэмэгдсэн байна. Арьс, ширэн бүтээгдэхүүн болон органик хүнсний бүтээгдэхүүний экспорт ч тодорхой хэмжээнд нэмэгдлээ. Засгийн газраас  уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлж, эхний үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. 

-Уул уурхайн бус салбар гэхээр мал аж ахуй, арьс шир, ноос ноолуур гэж яриад байдаг. Өөр ямар салбарын экспортыг нэмэгдүүлэх боломж байна вэ?

-Бид сэргээгдэх эрчим хүчийг онцгой анхаарч байгаа. Саяхан Азийн хөгжлийн банкны судалгаа гарсан. Монгол Улс сэргээгдэх буюу нар, салхины эрчим хүчний асар нөөцтэй. Үүгээрээ Зүүн хойд Азийн орнууд, Хятадын хойд хэсгийг бүрэн хангах чадвартай гэсэн судалгааны дүн гарчихаад байна. Тиймээс бидэнд сэргээгдэх эрчим хүчний экспортыг хийх бүрэн боломж бий. Засгийн газраас энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж, ажиллаж байна. Хоёрдугаарт, аялал жуулчлалын салбар. Энэ онд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн хүн тээвэр биш карго тээврийн бизнес гарч ирэх боломжтой. Манайх шиг далайд гарцгүй, замаас, тээврээс их хамааралтай улсад агаарын тээврийг хөгжүүлэх боломж гарч ирнэ. Мөн төмөр зам, автозамаас хамаарахгүй нэг том салбар бол цахим худалдаа. Энэ маш ирээдүйтэй салбар. 

-2017 онтой харьцуулахад өнгөрсөн жил уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна. Гэхдээ л эдийн засагт үлэмж хэмжээнд нөлөөлөхөөр нэмэгдэхгүй байгаа. Үүний шалтгаан нь юу вэ?

-Уул уурхайн бус бүтээгдэхүүн­ий экспортыг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн гадаад зах зээлийн орчноо анхаарах биш. Дотоодын үйлдвэрлэлийг сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн бага хүүтэй зээлээ сайн өгмөөр байна. Дээрээс нь, Монголд үйлдвэрлэж бай­гаа бүтээгдэхүүний чанар  чансаа нь гадаадын хэрэглэгчийн хүлээж авах хэмжээнд хүрэх ёстой. Гэх мэт дотооддоо хийх ажил бидэнд их байна. Экспортыг нэмэгдүүлэх гэдэг зөвхөн худалдааны асуудал биш. Үйлдвэрлэлийн асуудлыг ч давхар ярих ёстой. Нөгөө талаар, Хөгжлийн банк, арилжааны банкууд оновчтой, зөв салбарт хөнгөлөлттэй зээл өгч, цогц бодлого барих шаардлагатай байна. Ямар ч байсан өнгөрсөн онд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 800 сая ам.доллар хүрсэн нь 2017 онтой харьцуулахад 125 сая ам.доллараар нэмэгдсэн. Гэхдээ бид нэмэгдлээ гэж тайвшралгүйгээр, цаашид илүү сайн ажиллаж, нийт экспортын 20, 25 хувьд хүргэх л хэрэгтэй. 

-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт бага зэрэг нэмэгдэж байгаад юу нөлөөлөв?

-Гол нөлөө нь манай үйлдвэрлэгчид, экспортлогчид гадаадын хэрэглэгчдийн шаардлагад нийцэхээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болж байна. Бараа бүтээгдэхүүнээ гадаадад болж буй экспо, үзэсгэлэн яармагт аваачиж, сайн сурталчилж эхэлсэн. Хэлхээ, холбоо тогтоож байна. Бараагаа зарах шугамаа ч олж чаддаг болчихлоо. Энэ маш чухал. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө сайн ажиллаж байгаа. Цаашид илүү хичээх хэрэгтэй. Засгийн газар ч гэсэн бодлогоор илүүтэй дэмжиж өгөх асуудал бий. Ямар ч байсан нааштай үр дүн гарч эхэлсэн гэдэг л чухал. Гэнэтхэн л экспорт нэмэгдээд, сайхан болчихгүй. Өнгөрсөн жил мах махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн талаар би түрүүнд хэлсэн. Хоёр, гурван жилийн өмнө мах, махан бүтээгдэхүүнээ гадаадын улсууд руу гаргаж, зарж чаддаггүй байсан шүү дээ. Гэтэл өнгөрсөн жил 70 гаруй мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортоллоо. Үүний 32 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байсан. Гэх мэт ахиц байна. Цаашид энэ амжилтуудаа бататгаад ажиллах шаардлагатай. 

-Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Үр дүнгээ өгч чадаж байгаа юу. Уул уурхайгаас бусад салбарын худалдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газрын хийсэн гол ажлын нэг энэ байх?

-Японтой чөлөөт худалдааны буюу эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 онд байгуулсан. 2015 онд Монгол-Японы худалдаа 300 орчим сая ам.доллар байсан. 2018 онд манай хоёр орны худалдаа 590 сая ам.доллар болсон байна. Гурван жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Японтай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгснийг энэ тоон үзүүлэлт харуулж байна. Худалдааны үнийн дүн хоёр дахин өснө гэдэг сайн үзүүлэлт.  Гэхдээ ангилаад үзвэл, Японоос импортоор авч байгаа бүтээгдэхүүний эзлэх хувь их байгаа. Цаашид бид экспортын бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах юм бол манайд боломж бий. Экспорт бага зэрэг өсч байгаа. Түүнээс гадна, худалдааг дагаад Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж буй нь хамгийн чухал. Технологи, техник, ноу хау орж ирэх хандлага бий боллоо. Японы бизнесмэнүүд Монгол руу хандах хандлага нэмэгдсэн гэсэн үг. Энэ хамгийн чухал үзүүлэлт. 

-Мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ экспортыг ч нэмэгдүүлэх шаардлагатай байна. Манай улс харьцангуй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна шүү дээ. Харин гадаад руу гаргахад төрийн бодлого дутаж байгаа талаар энэ салбарынхан хэлдэг юм билээ. Төрөөс сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ямар бодлого боловсруулж байна вэ?

-2019 онд бид мах, махан бүтээгдэхүүнээс гадна бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогыг барьж байгаа. Тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар илүү анхаарч, ярьж, хэлэлцэж, ажиллаж байна. Тиймдээ ч сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Хятад, Өвөр Монголд болж байгаа энэ төрлийн экспо, үзэсгэлэн яармагт оролцох боломжийг нь нээж өгөхийн төлөө дэмжиж ажиллана. Сүү, сүүн бүтээгдэхүүн, магадгүй бяслаг байж болж байна. Хятад, Оросын зах зээлд гарахад хорио цээрийн протоколуудыг нь байгуулж өгөх чиглэлд Засгийн газар анхаараад ажиллаж байгаа.  Зөвхөн ГХЯ биш ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтойгоо хамтраад ажиллаж байна. 

-Манай хоёр хөршийн хорио цээр, тавьж буй шаардлага маш өндөр гэгддэг. Манай үйлдвэрлэгчид Хятадад болж буй үзэсгэлэн худалдаанд оролцох гэж мах, махан бүтээгдэхүүн авч яваад, хилээр нь гарч чадалгүй буцсан. Бүтээгдэхүүнээ муутгасан тохиолдол саяхан л гарсан. Тиймээс энэ чиглэлд илүү сайн анхаарах шаардлагатай байна. Гадаад харилцааны яамнаас энэ чиглэлд түлхүү анхаарч байгаа юу?

-Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа. Манай Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар Хятадын мэргэжлийн хяналтын чиглэлийн байгууллагатай саяхан хорио цээрийн хэлэлцээр байгуул­аад, шинэчлээд, сайжруулаад ажил­лаж байна. Тэр хорио цээрийн протоколд сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлийн зүйл заалтуудыг нарийн оруулж өгөх, тохирох асуудал байгаа юм билээ. Бид ч энэ чиглэл рүү анхаарал хандуулж байгаа. Бидэнд уул уурхайн бус олон бүтээгдэхүүнийг экспортод гаргах боломж байна. Гол нь зорьж байгаа зах зээлтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэлэлцээрүүдээ хийгээд, хорио цээрийн протоколоо ч тохирохын төлөө л хичээж байна даа. 

-Манай үйлдвэрлэгчид гадаадын орнууд руу бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход татварын дарамт ямар байдаг юм бэ. Зарим үйлдвэрлэгчид татвар өндөр байна гэсэн гомдол хэлдэг юм билээ?

-Манай улсын экспортолж чадах салбар нь хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн л гарна. Тэгээд сэргээгдэх эрчим хүч юм уу, бусад цөөн салбарын бүтээгдэхүүн байна. Бид Зүүн хойд Азийн улс буюу Хятад, Солонгос, Япон зэрэг улс руу л хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж, хэмжээг нь нэмэхээр зорьж байгаа. Гэтэл энэ улсуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавих техникийн шаардлага маш хатуу байдаг. Ийм учраас хоёр орон техникийн шаардлага нийцүүлэх, хөнгөлөлттэй нөхцлөөр оруулах талаар хорио цээрийн протоколдоо тохирдог юм. Харин тарифын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд өндөр, аж үйлдвэрийнхэд бага байдаг. Манайх аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргах боломж багатай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн л гаргана. Өмнөд Солонгос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд дунджаар 50 гаруй хувийн татвар ногдуулж байгаа. Япон 20, Хятад 17, Орос 10-аад хувь гээд ерөнхийдөө өндөр. Манайх бол таван хувь л байгаа шүү дээ. Энэ тарифыг буулгах нэг л арга байгаа. Тэр нь чөлөөт худалдааны яриа хэлцэл хийх. Бид Японтой хэлэлцээр хийчихсэн учраас худалдаа өсөж байна. Одоо Өмнөд Солонгостой хэлэлцээр хийх гээд судалгаагаа дуусгачихсан, удахгүй эхэлнэ. Евроазийн эдийн засгийн холбоонд бид саналаа тавьсан, хүлээж байна. 

-Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортыг илүү нэмэгдүүлэх нэг боломж байгаа нь энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татаж оролцуулах. Харин гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байдаг юм бол. Манай Засгийн газар хэр дэмжиж байна?

-Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайг сонирхохоо больсон. Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарыг маш ихээр сонирхож эхэлсэн. Тэд сонирхох нь нэг асуудал. Бид тогтвортой, хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг Монголдоо би болгож чадаж байна уу л гэдэг асуудал байна. Хөрөнгө оруулагчид аль нэг улс руу мөнгөө оруулахдаа тэр улс хэр тогтвортой бодлого хэрэгжүүлж байна вэ. Бодлого гаргах түвшний байгууллагууд нь хэр тогтвортой ажиллах вэ гэдгийг нь хардаг болсон. Татварын хөнгөлөлт хардаг үе аль хэдийнэ өнгөрсөн.