ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Нямсүрэн: 13-15 мянган иргэнийг есөн чиглэлээр мэргэшүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-22

2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг БОАЖ-ын яамнаас боловсруулжээ.  Энэ талаар БОАЖ-ын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Нямсүрэнгээс тодрууллаа. 

-БОАЖЯ-аас зохион байгуулж буй сургалтын талаар мэдээлэл өгөөч? 
-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг хөгжүү­лэх, эрхзүйн орчныг сайж­руу­лах,  Олон улсын аялал жуулч­лалын сүлжээнд нэг­дэх, бүтээгдэхүүн, дэд бүт­цийг хөгжүүлэх чанарыг сайжруулах цогц бодлогыг хэрэгжүүлнэ гэж тусгасан бай­даг. Хөтөлбөрийг хэрэг­жүү­лэх ажлын хүрээнд БОАЖЯ-наас зочлох үйл­чил­гээ­ний төрөлжсөн сургалтыг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах гэж байна. Сургалт тавдугаар сарын 20-иос зургадугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Улаанбаатар хотын есөн дүүргээс гадна Тэрэлжид сургалтаа зохион байгуулна. 

-Энэ сургалтыг зохион байгуулахын ач холбогдол нь юу вэ?
-2020 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилтын дагуу аялал жуулчлалын салбартаа ажиллах хүчнээ бэлтгэж байгаа гэсэн үг. Аймаг тус бүрт зохион байгуулах учир хэн бүхэнд нээлттэй.  Мэдээллийн сайтууд болон  орон нутгийн телевизүүдээр бид энэ талаарх суртал­чилгаагаа цацаж эхэлсэн. Сурталчилгааны доод хэсэгт хаана хандах, ямар утасны дугаараар холбогдох гэх мэт бүх мэдээлэл багтсан. Нэг хичээл ойролцоогоор тав хоног заана. 

-Ямар чиглэлээр голдуу сургах вэ?
-Бариста, бартендар, зөөгч, тогооч, хөтөч тайлбарлагч, жолооч, өрөө болон гэрийн үйлчлэгч,  зочин угтагч, хаалгач гэсэн есөн мэргэжил байна. Мөн менежер, удирдах албан тушаал хамруулж байгаа. Эдгээр мэргэжлүүдэд харилцаа хандлага, ёсзүйн хичээлүүдийг давхар орно гэж ойлгож болно. Нийтдээ13-15 мянган иргэнийг хам­руу­лахаар зорьж байна. Хөдөлмөр эрхлэх насны ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлхүү  хамруулахыг  зорьж байгаа юм. Тус сургалтад хамрагдах нийт иргэдийн таван хувийг хөгж­лийн бэрхшээлтэй ир­гэ­дийг оролцуулахаар зорьсон. 

-Сургалтын хувьд үнэ төлбөртэй юу?
-Аль ч сургалт нь үнэ төлбөргүй. Насны хязгаар гэж байхгүй учраас хүссэн хүн бүр хамрагдаж болно. Манай сургалтад хамрагдсан бүх хүнд гэрчилгээ олгож байна. 

-Сургалтад хамрагдахын тулд хаана хандаж болох вэ?
-Улаанбаатар болон зүүн бүсэд Монголын зочид буудлын холбоо гэж бий.  Мөн баруун бүсэд аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв сургалт зохион байгуулна. Харин төв болон Хангай бүсэд аялал жуулчлалын ур чадварын төв гэсэн байгууллагууд тендерт ялж, сонгогдсон байгаа. 

-Сургагч багш нарын тухайд?
-Зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн сургагч багш нар хичээл заана. Зочид буудлуудын холбоо,  Улаанбаатар болон зүүн бүсэд түншлэлээр орж буй Хөтөч тайлбарлагчийн холбоо, Монголын баристан холбоо зэрэг зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй багш нар хамтран ажиллана. 

-Нас харгалзахгүй гэхээр 50-60 насны хүмүүс сургалтад хамрагдаж болно гэсэн үг үү?
-Болно. Яагаад гэвэл манай орны аялал жуулчлал хөдөө орон нутагт ихэвчлэн түшиглэдэг учир бүх  насны хүмүүстэй харилцана. Өөрсдийн хийж буй бүтээг­дэхүүнээ борлуулах учир хөтчийн сургалтад суугаад, хэлний мэдлэгээ дээшлүүлж болно. Тиймээс нас заагаагүй. 

-Бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Цаанаасаа нэгдсэн анкет бөглүүлж зохион байгуулж буй хүмүүст өгнө. Өндөр шалгуур тавихгүй. Иргэний цахим үнэмлэхтэй байхад л хангалттай.