ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар гишүүн Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-22

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд 2017 онд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлигачдад боломж олгосон гэх үндэслэлээр МАН-ын Хяналтын хорооноос улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг МАН-ын бүлэг дэмжээгүй бөгөөд Удирдах зөвлөлөөс ч улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх шийдвэрийг буруу гэж үзсэн юм. 

Мөн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдөл өгсөн гэсэн ч бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өргөдөл өгсөн асуудал байхгүй” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл МАН-аас хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн үйлдэлд нь ямар нэг байдлаар хариуцлага тооцох ёстой гэж үзсэн бололтой. Учир нь Ш.Раднаасэд Хуульзүйн байнгын хорооны даргын ажлаа өгөхөөр болжээ. Түүний хувьд хоёр удаа улиран томилогдсон. Тиймээс энэ удаад дахин боломж олдохгүй юм. Харин түүний ажлыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шилжүүлнэ гэсэн яриа Төрийн ордонд гараад байна. Х.Нямбаатарын тухайд хуульч мэргэжилтэй нэгэн бөгөөд УИХ-аар баталж буй олон арван хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байсан туршлагатай нэгэн билээ. Томилгоог ирэх долоо хоногт хийж магадгүй байна.