ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аюурсайханыг байнгын хорооны даргаар томиллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-22

УИХ-ын чуулганы хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тус байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томилох эсэхийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Энэ үеэр нэр дэвшигч Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүний Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн талаар асуусан асуултад хариуллаа. 

Т.Аюурсайхан: Оюутолгойн гэрээний асуудалд гишүүдийн байр суурь нэг байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэрээг зайлшгүй Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх ёстой. Хэрэв үүнийг өөрчлөлт оруулахгүй гэж байвал цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Танилцуулгад маш олон асуудал байгаа юм билээ. Монгол Улс 34 хувьдаа таарсан өр нэмэгдэж байгаа боловч ямар үндэслэлтэй өр гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Материалууд нь байхгүй байгаа юм. Ажлын хэсгийнхэн хэлэхдээ “Оюутолгой” материалуудыг өгөхгүй байгаа учраас сайт дээрээс нь болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа материалд үндэслэсэн гэсэн тайлбар өгч байсан. Үүнийг нь ийм байдлаар ажлын хэсгийн дүгнэлт гаргаж болохгүй гэдгийг хэлсэн. Дүгнэлтэд дутуу юм их бий. Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж хэлэх амархан. Гол нь бид өөрсдийн байр сууриа хөдөлшгүй баримтаар нотлох хэрэгтэй. Ажлын хэсгийн дүгнэлтийг нэн яаралтай УИХ-аас шийдвэр гаргаад явах ёстой. 

Ингээд Т.Аюурсайханыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилохыг дэмжье гэсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.7 хувь нь дэмжсэнээр Т.Аюурсайхан гишүүн байнгын хорооны даргаар томиллоо. 

Үргэлжлүүлэн Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.