ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-22

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “У.Хүрэлсүх болон Л.Оюун-Эрдэнэ нар эх сурвалжгүй, баталгаагүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь улс төрийн зорилготой гэдэг нь илт байна. Тийм учраас би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрт хүсэлт хүргүүлж байгаа юм. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд байгаа асуудлыг олон нийтэд мэдээлсэн үндэслэлээр шалгаж өгнө үү гэж хүслээ. АТГ-ын дарга З.Дашдаваад яг энэ үндэслэлээр олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл түгээж байгаа асуудлыг анхааралдаа авна уу гэсэн хүсэлтийг илгээж байна. Нийгэм ихэнхдээ 49 хувийг хэсэг нөхөд хулгайлсан гэж харж байгааг ойлгож байгаа. Энэ асуудлаар намайг өнөөдөр АТГ-т шалгаж байна.

Энд би нэг л зарчим хатуу баримтална. ОХУ-ын мэдэлд байсан үйлдвэрийг Засгийн газар хамтын шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг зөв шийдвэр гэж харж байгаа. Учир нь олдоно. Энэ бол улс төрийн шинж чанартай болж байгаа гэдэг нь ойлгомжтой болж байна. Шалгалт явуулахдаа хуулийн дагуу л явуулах ёстой. Нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд мэдээлж, түүнийг сэвж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ үйл ажиллагаа бүхэлдээ АН-ыг харлуулах зорилготой ажил. Эрдэнэтийн 49 хувь нь гэдэг Монголд ямар ч хохирол авчраагүй. Ямар ч хохирол авчраагүй байхад Монгол Улсад онц ноцтой хохирол учруулсан гэж байгаад харамсаж байна. Энэ хувь Монголд ирснээрээ энэ компани 100 хувь Монголынх болсон. Энэ асуудал бол Эрдэнэтийн өмнөх хулгайн асуудлыг намдааж, халхлах гэсэн арга. МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг авч хаялаа гэж их шуугилаа. МАНАН гэж яг юу бэ. Үүнийгээ тодруул. МАН-ын маш олон хэргүүд шийдэгдээгүй байгаа шүү. Иргэдийн бухимдаж байгаа асуудлын эсрэг ямар нэг шантаажийг үл ойшоон тэмцэх болно” гэв.

-Та Аж үйлдэврийн сайд байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах асуудалд ямар оролцоотой байсан бэ?

-Сайдын хувьд би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. 49 хувийг Монголд оруулж ирэх нь зөв шийдвэр гэдгийг дэмжиж байсан. Өнөөдөр ч энэ байр суурин дээрээ байгаа. Энэ бол улс төрийн зорилготой хийж байгаа л асуудал. Тиймээс улс төрийг улс төрөөр хариулахаас өөр аргагүй.

-Өнөөдөртөө өв шийдвэр мэт харагдаж байгаа ч хожим хортой үр дагавар болж магадгүй шүү дээ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд оруулж ирж, 100 хувь Монголын мэдэлд оруулж ирсэн нь яавч муу ажил биш. Цаг хугацаа бүгдийг харуулна. Эрдэнэтийг 100 хувь Монголын мэдэлд авахдаа дотоод үйл явдлаа хамгийн муу хувилбараар сонгож байна. 

-Хөгжлийн банкны зээлийн асуудалд таны нэр орж байна. Энэ талаар тайлбар хийгээч?

-Л.Оюун-Эрдэнэ асууж тодруулах зүйл гарах байх гэсэн тодотгол хийж байна билээ. Шууд хэлчихэж болно шүү дээ. Яагаад улс төрийн захиалгатай вэ гэдгийг хэлье. Надаас АТГ- гэрчийн мэдүүлэг авахдаа “Кью эс си” компанийн талаар мэдээлэл авсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ одоо мэдэж байгаа мэт мэдээлэл хийж байгаа нь улс төрийн зорилготой гэдгийг харуулж байна. 

-“Кью эс си”-тэй холбоотой асуудлаар та ямар үндэслэлээр асуугдаж байгаа вэ?

-Аж үйлдвэрийн сайд байхдаа төмөр замыг хувийн өмчөөс Монголын төмөр замд шилжүүлсэн асуудлаар надаас мэдүүлэг авсан. Албан тоот хийсэн асуудлаар тодруулсан.

-Таныг яллагдагчаар татах тогтоол гарсан уу?

-Яллагдагчаар татах тогтоол гарсан байна. Тогтоолтой танилцаад гарын үсгээ зурсан. Яагаад гэвэл үүний учрыг олон ёстой. 

-Аж үйлдвэрийн сайд байхдаа ямар нэг байдлаар давуу байдлаа ашигласан уу?

-Аж үйлдвэрийн сайд байхдаа үйлдвэрийн бүх төрлийн дэмжлэгийн албан тоотыг би гаргаж байсан. Том жижиг олон аж ахуйн нэгж хамрагдаж байсан. Эндээс ганц нэгийг нь зориуд онцолж байгаа. Үүнд эмзэглээд байх юм юу ч байхгүй. Миний гараар мянга мянган шийдвэр, тоотууд байдаг. Богино хугацаанд ажилласан ч гэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээгчдийг ялгаваргүйгээр дэмжиж ирснээрээ бахархдаг.