ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: 5-6 жилийн дараа бид хөгжлөөрөө 30 орныг ардаа үлдээнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-22

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Л.Энх-Амгалан: Үндсэн чиглэлийг хэлэлцэх дэгээ өөрчилмөөр байгаа юм. 2020 онд тавьж байгаа зорилтыг өөдрөг гэж дүгнээд байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй байх ёстой. Түүнээс биш жил бүхэн багахан хэмжээний өсөлтийг дэвэргээд яриад байх хэрэггүй. Ер нь Монгол Улс үсрэнгүй эдийн засгийн өсөлт гэдэг зүйлийг ярихгүй бол хол хоцрох нь ээ. Хоёрдугаарт, хүртээмжтэй өсөлт гэдгийг ярих ёстой. Эдийн засгийн өсөлт байгаа орнууд яаж үүнийг иргэдэд хүргэх вэ гэдгийг гаргадаг аргачлалтай болж байна. Манай улс ийм аргачлалд орох ёстой. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа юу. Гуравдугаар буурдаггүй ядуурлын асуудал байна. Ядуурал өсөөд байдаг. Үүний шалтгаан нь юу байна. Үүнд бид өнөөдөр үнэлэлт дүгнэлт хийж чадсан уу. Тэгэхээр ядууоал, ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтийг гаргаад байгаа аргачлалаа нэг эргэж харах шаардлагатай байна.

Ч.Хүрэлбаатар: 2019 төсвийг оруулж ирж байхад бүх хүмүүс өөдрөг гэж байсан. Гэтэл одоо зургаан хувийн өсөлтийг бага байна гээд байх юм. Бидний хувьд бодитой өсөлт гэж харж байгаа. Сонгуулийн жил болж байгаа учраас ихэнх хөрөнгө оруулагчид хүлээзнэсэн байдалтай байдаг. Бодит байдалдаа үндэслээд ийм тооцоог гаргаж ирсэн юм. Эдийн засгийн өсөлтийг 10 хувиас буулгахгүй байх боломж бий. Гэхдээ гол нь одоо явуулж байгаа бодлогоо тууштай авч явах хэрэгтэй. Тэгж чадвал 5-6 жилийн дараа 30 гаруй орныг ардаа оруулах боломжтой. Гол дутагдаад байгаа юм улс төрийн тогтвортой байдал юм. Ядуурал анх 31 хувьтай байсан. 2012 онд 21 хувьтай болж, 10 функтаар буусан байсан. 2016 онд эргээд 29 хувь болсон. Энэ нь бодлогоо зөв явуулж чадахгүй байгааг л харуулж байгаа юм. Үнэ тогтворжуулна гэх нэрээр мөнгө хэвлэсэн. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулна гэж дэлхийд байхгүй бодлого явуулснаас үр дүнг нь иргэдийн халааснаас төлсөн. Энэ мэт ам авч давхидаг морт шиг давхисаар байтао жижигхэн эдийн засагтай улс орны эдийн засгийг алж байна шүү дээ. Үүнийгээ л больчихвол 2020 оны зорилтуудыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. 

Л.Энх-Амгалан: Цаашид бид хөгжлийн өсөлтийг яаж иргэддээ хүртээмжтэй болох вэ гэдэг аргачлалтай болох хэрэгтэй юм. Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлж байгаа бодлогоо эргэж харах цаг болсон. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.