О.Ууганбаатар хагас шигшээд шалгарч, бусад нь тэмцээнээ өндөрлүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-24

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод жүдо бөхийн "Гран при" тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манайхаас Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, О.Ууганбаатар тэргүүтэй 7 бөх гарч барилдаж, нэг нь л хагас шигшээд шалгарлаа. Бусад бөхчүүдийн хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгав.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Ц.Цогтбаатар  эхний тойрогтоо Канадын бөх Антони Бучардад цэвэр ялагдсан. Тэгвэл Г.Одбаярын хувьд эхний тойрогтоо хийлсэн ч хоёрдугаар тойрогт Германы шилдэг жүдоч Игорь Вандкед ялагдаж, тэмцээнийг дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч зодоглож, хоёрдугаар тойрогт Данийн бөх Олсен Леркид ялагдаж, тэмцээнийг өндөрлүүллээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон С.Лхагвадулам, Ц.Энхчимэг нар ч гэсэн эхний тойрогтоо ялагдаж, тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Харин 81-д хүч үзэж буй О.Ууганбаатар В хэсгийг тэргүүлж барилдан, хагас шигшээд шалгарлаа.  Манай бөх хагас шигшээд Ираны бөх Саед Моллайтай барилдана.