ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: УИХ “Гэмтнүүдийн чуулбар” болжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-26

УИХ-ын чуулганы өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Татварын багц хуульд тавьсан хориг, Нэр бүхий гишүүдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даа­наар тус хоригийг хү­лээн авах боломжгүй гэж үзсэн юм. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар тус хоригийг хэлэлцэж мөн хү­лээн авах боломжгүй гэж үзлээ. Тус хуульд мөнгө угаах, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөг­шүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан өгсөн нь зүйд нийцэхгүй хэмээн үзсэн учраас ийнхүү хориг тавьсан аж. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хоригийг хүлээн авсангүй. Энэ үеэр О.Баасанхүү, Н.Оюундарь тэргүүтэй гишүүд тус хоригийг дэмжиж, гадаа­дын хөрөнгө оруулагч ком­паниудыг таван хувийн татвартай болгосон заалтад тавьсан хоригийг  хүлээж авах ёстой гэв. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол Улс үндсэндээ татвар авч чаддаггүй. 17 гэрээ, хэлэлцээр хийснээс одоогоор хоёр нь хүчин төгөлдөр байгаа гэдгийг онцлов. Уг хуулиар Оюутолгой нь Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин их борлуулалттай атал түүнээс гурав дахин бага татвар төлөхөөр болсон нь зүйд нийцэхгүй хэмээн шүүмжлэх гишүүд ч цөөнгүй байлаа.

Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдааны олны анхаарлын төвд байсан асуудал нь Ерөнхийлөгчийн зүгээс парламентыг хугацаанаасаа өмнө тарахыг шаардсан явдал байв. Тэрбээр, УИХ-ын гишүүдийн ёс зүй, шударга ёсны байдал дээрдээгүйг шаардлагадаа онцолж, парла­ментын үйл ажиллагаа улам бүр дордож, иргэд сонгогч­дын итгэлийн алдахад хүрсэн хэмээн дүгнэж, хугацаанаасаа өмнө улс төрийн эр зориг гарган тарахыг уриалсан юм. Харин уг шаардлагад одоогоор УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсоор өгөөгүй байгаа юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ыг тарахыг шаардаж хэлсэн Ерөнхийлөгчийн үгийг бүрэн эхээр нь уншигч танд хүргэе.

Монгол Улсын Ерөнхий­лөгч Х.Баттулга: “Миний бие энэ удаад УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэх болсон шалтгаан нь урьд тавьж байсан саналаа дахин тавих юм. 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан Миеэгомбын Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй. Үйл ажиллагаа нь дорвитой сайжирсангүй. Улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Ийм учраас УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол­сон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна.

Эрхэм гишүүд ээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл, гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд үүнийг нэхэн сануулъя.

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай бай­гуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон.

-УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон баримтаар тогтоогдсон.

-Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдож, уг асуудалд хутгалдсанаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл.

-УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ. 

...Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.

Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авлига, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ.

...Эрхэм гишүүд ээ, Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шударгын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чад­вартай болохыг монгол­чуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ бол та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно” хэмээжээ.