ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Трамп сүмогийн дэвжээг үл хүндэтгэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-27

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа бямба гарагт эхлүүлсэн билээ. Тус улсад эзэн хаан солигдож, шинэ эрин эхэлсэн бөгөөд эл эриний анхны харийн зочин нь АНУ-ын Ерөнхийлөгч болж буйгаараа онцлогтой байв. Айлчлалын үеэр талууд хоёр улсын худалдаа, хамтын ажиллагааны та­лаар ярилцахаас гад­на бүс нутгийн аюулгүй байд­лын талаар санал бодлоо солилцох юм. Харин амралтын өдрүүдэд хувийн харилцаагаа сайжруулах зорилгоор хамтдаа гольф тоглож, зоог барьсан байна. 

Түүнчлэн, нэгэн онцгой явдал болсон нь төрийн тэргүүнүүд хамтдаа Токиогийн “Рёгокү Кокүгикан” ордонд тавдугаар сарын сүүлчийн сүмо бөхийн барилдааныг үзсэн явдал байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Японд сүмо үзсэн нэг ч хүн байдаггүй бөгөөд үүгээрээ Д.Трамп анхдагчид тооцогдож байгаа юм. Тэр гэргийн хамт зэрэгцэн тухлаж, сүмо үзсэнээс гадна башёд найм давж түрүүлсэн 25 настай мэгашира Асаноямад өөрийн нэрэмжит цомоо гардуулж, цаашид хэдэн зуун жил уг цомыг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “United States President’s Cup” нэртэй уг цом нь 30 кг жинтэй, ойролцоогоор 137 см өндөр аж. 

Энэ үеэр сүмо­гийн ордны хам­гаа­лалтыг маш өндөр түв­шинд хангасан байна. Д.Трамп хамгаа­лагчдаар хүрээлүүлэн сандалд суусан бол түүний гэргий АНУ-ын Тэргүүн хатагтай Мелани Трамп нөхрөөсөө нэлээд зайтай мөн л зөөлөн сандалд тухлан сүмогийн барилдаан үзжээ. Хэдий тэд Японы уламжлалт соёлыг гайхалтай хэмээн шагшин магтсан ч, үнэн хэрэгтээ огт сонирхоогүй нь барилдааны үеэр гэрэл зурагт буусан нь нийгмийн сүлжээнд анхаарал татаж байгаа. 

Мөн Д.Трамп сүмогийн ордонд зочилсонтой холбоотойгоор хэд, хэдэн тогтсон жаяг зөрчигдсөн аж. Японы ард түмэн, соёл уламжлал тогтсон дэг жаягтай. Түүнийг нь эс дагаваас уламжлалыг үл хүндэтгэсэн хэрэг болох билээ. Гэвч Д.Трамп хэд хэдэн ноцтой алдаа гаргажээ. Сүмогийн дэг жаягийн дагуу тэрбээр дэвжээний дэргэдээс барилдааныг үзэхдээ тусгай олбог дээр завилж суух ёстой байжээ. Гэвч, Д.Трамп олбогт суухын оронд сандалд тухалсан юм. Мөн үзэгчид барилдааны үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, олбогоо шиддэг уламжлалыг энэ удаа АНУ-ын Төрийн тэргүүний аюулгүй байдлын улмаас хориглосон байна. Үүнээс гадна дэвжээ буюу дохёнд гарахдаа хүн бүр гутлаа тай­лах ёстой ч, цомоо гар­дуулахдаа Д.Трамп гутал­тайгаа гарч, уламжлалыг нь уландаа гишгэжээ. 

Эл хандлага нь дэгт улсын ард иргэдэд таалагдаагүй бололтой. Японы хэд хэдэн хэвлэлд энэ талаар бичжээ. Нэгэн сайтад “Сүмо гэж дан ганц том биетэй эрсийн барилдаан биш. Маваши өмссөн бөхчүүдийн ялалт, ялагдлаас гадна эргэн тойрон дахь бүх зүйлсийг өөртөө багтаасан Японы соёл уламжлал. Түүнд өөрийн гэсэн өнгө төрх, дагах ёстой зарчим гэж бий. Энэ бүгд нийлж байж, өөрийн гэсэн өвөрмөц амтыг мэдрүүлдэг. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайн хамт Ерөнхий сайд Шинзо Абэ гэргийтэйгээ дэвжээний зэргэлдээ байрлах тусгай олбогнуудыг авч, сандал тавин сууж байв. Мөн хослолтой хамгаалалтын ажилтнууд нь хүрээлж байсан юм. Хэдий бөх үзэхээр  энгийн иргэд ирсэн байсан ч, хамгаалалтын ажилтнууд тооны хувьд хэт их байснаас түрүүлсэн бөхөд баяр хүргэх иргэдийн дуу сул сонсогдож байлаа” гэх мэтээр бичсэн байна. Түүнчлэн зарим хэвлэл Д.Трампын гуталтайгаа гарсан дэвжээг ариулах саналыг Сүмо бөхийн холбоонд гаргаад амжжээ. Тэрбээр өчигдөр Японы шинэ эзэн хаан Нарүхитод бараалхсан бөгөөд Рэйвагийн эрин эхэлснээс хойш түүнд бараалхсан анхны гадаад улсын төрийн тэргүүн болж байгаа юм.