ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Банзар: 20 тонн үхсэн малын мах хадгалж байсныг тогтоолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-28

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд гарал үүсэл нь тодорхойгүй,  мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малын мах байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах хадгалж байжээ. Уг хэргийг тавдугаар сарын 23-ны өдөр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн байгууллагатай хамтран илрүүлсэн аж. Харин энэ сарын 27-ны өдөр шинжилгээний хариу  гарчээ.  Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн  Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын  байцаагч Т.Банзараас тодрууллаа.

-Үхсэн малын их хэмжээний махыг бэлтгэн нийлүүлсэн хоёр дахь тохиолдол гарлаа. Өмнө нь Баян-Өлгий аймагт гарч байсан. Энэ удаад махны шинжил­гээ­ний хариу юу гэж гарсан бэ?

-Тус махнаас долоон дээж авч Улсын Мал Эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн. Улмаар  махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрээгүй байсан. Мөн үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхсэн, малын мах болохыг тогтоолоо. Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байл­цуулан устгалд оруулсан бөгөөд ариутгал халд­вар­гүй­жүүлэлтийн ажил хийгдлээ.  Одоогоор гарал үүслийг нь цагдаагийн байгууллага шалгаж байна. 

-Хятад улсын хоёр иргэн байсан гэсэн мэдээлэл байгаа. Зөрчил гаргасан компанийн талаар мэдээлэл өгөөч?

-Тус цехэд үйл ажиллаагааг нь хариуцаж байгаа болон мах худалдаж авсан гэсэн хоёр иргэн ажиллаж байсан. “ТМ Эко хүнс” гээд мах шуллагааны цех байгаа юм. Тус компани 2018 онд хоёр удаа шалгалтаар ороход аль алинд нь ажиллаагүй байсан. 

-20 гаруй тонн мах илэрчээ. Нийслэлийн иргэд хүнсэндээ ямар мах махан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь эргэлзээтэй боллоо.  Нөгөө талаас худалдаанд гараагүй гэдэг мэдээллийг НМХГ-аас өгсөн. Баталгаатай мэдээлэл байж чадах уу?

-Худалдаанд гарсан эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. Хэвлэлээр гарч буй өнгө оруулагч,  химийн бодис илэрсэн зүйл байхгүй. Хөлдүү махыг гэсгээхийн тулд усанд сойж, дэвтээдэг аргыг ашигласан байх. 

-Ямар арга хэмжээ авах вэ?

-Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, махыг устгалд оруулах арга хэмжээ авна. 

-Иргэд “Эмээлт” захад нарийн шалгалт явуулж, шаардлагатай бол хаах хэрэгтэй гэдгийг хэлж байна. Цаашид хяналтыг яаж тавих вэ?

-Эмээлт орчимд 35 жижиг, дунд махны үйлдвэр байгаа. Нэг цехийн буруугаас болж бүгдийг нь хаах эрхзүйн зохицуулалт байхгүй. Мэр­гэж­лийн хяналтын байгуул­лага төлөвлөгөөт бо­лон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. Төлөв­лөгөөт шалгалт нь тухайн үйлдвэрүүдэд урьдчилан  мэдэгдэж шалгадаг. Харин төлөвлөгөөт бус шалгалт нь иргэд, аж ахуй нэгж байгууллагын мэдээлэл гомдлыг дагуу шалгалт явуулна. “ТМ Эко хүнс” ХХК-д хийсэн шалгалт нь холбогдох байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу шалгасан асуудал юм.