ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Мөнхбилэг: 20 орны 40 баг сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

O.Admin
2019-05-29

Манай улсад “3х3” Өсвөрийн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 1-9-ний өдрүүдэд болох гэж байна. Тэмцээний талаар БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгээс тодрууллаа.

-“3х3” Өсвөрийн сагсан бөм­бөгийн Дэлхийн аварга шалга­руулах тэмцээний талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? 

-2019 онд манай улсад нийт зохион байгуулж буй олон улсын тэмцээн, наадмаас 13-т нь БСШУСЯ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, энэ оны эхний хагаст Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах залуучуудын,  дөрөвдүгээр сард Шатрын Азийн “3х3” бүсийн гэх мэт олон улсын хэмжээний тэмцээн боллоо.  Удахгүй зургадугаар сарын эхний долоо хоногт “3х3” Өсвөрийн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнийг БСШУСЯ-ны дэмжлэгээр “3х3 сагсан бөмбөгийн холбоо” гардан зохион байгуулж байгаа юм. 

-Хэдэн орны хэчнээн баг тамирчид оролцох вэ?

-Тус холбооноос өгсөн мэдээллээр  зургадугаар сарын 1-2-ны өдрүүдэд лигийн тэмцээнийг зохион байгуулна.  Үүнд  Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Тайланд, Беларус зэрэг зургаан улс оролцох юм. Харин 6-8-ны өдрүүдэд үндсэн тэмцээн буюу  Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай байна. Манай яаманд нийтдээ 20 орны 40 баг оролцоно гэсэн  мэдээлэл ирсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учир АНУ-аас эхëүүлээд хүчтэй багууд оролцохоор боллоо. Үүний дараа 8-9-ний өдрүүдэд 16 багийн “Гранпри” тэмцээн болно. 

-Тэмцээн хаана болох вэ. Хэн ч үзэх боломжтой юу?

-Бүх тэмцээнүүд Сүхбаатарын талбайд болно. Тиймээс уншигчиддаа хандаж хэлэхэд, төв талбайд болж байгаа учир хүрэлцэн ирэхийг уриалж байна.  Иргэд соошл орчинд ярьж дэмждэг шигээ, нүдээрээ ирээд үзээсэй гэж хэлмээр байна. Тэмцээнтэй холбоотой мэдээлэл, шагналын сангийн талаар  “3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ноос дэлгэрэнгүй авч болно.

-Манай улсаас оролцох баг тамирчдын чансаа хэр байгаа вэ?

-“3х3 сагсан бөмбөгийн холбоо” маш амжилттай ажиллаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Азид дахин финалд үлдэж, Австрали улсын дараа хоёрдугаар байрт шалгарлаа. Тамирчдын бэлтгэл хангалттай сайн байгаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учир шигшээ багаа бүрдүүлж оролцож байна. Магадгүй зохион байгуулагч улс гэдэг утгаараа хоёр дахин их баг оролцох боломжтой. Гэхдээ энэ эцсийн шийдвэр биш. 

-Ер нь сагсан бөмбөгийн спорт улсын  хэмжээнд ямар хэмжээнд байгаа вэ. Салбар яамны зүгээс ямар бодлого барьж байгаа бол?

-Зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй, волейбол, гандбол, хоккей гэх мэт багийн спортуудыг өндөр зэрэглэлтэй тамирчдын хувьд ч тэр, нийт хүүхэд залуучуудад ч тэр түлхүү хөгжүүлэх зорилготой байгаа юм. Ингэх нь хүүхдийг төлөвшүүлэх, багийн ажиллагаатай болоход тустай гэж үздэг учраас богино болон дунд хугацааны хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа. Энэхүү хөтөлбөр 2019 оны аравдугаар сард батлагдсаны дараа багийн спорт,тэр дундаа сагсан бөмбөгийн төрөл ямар зарчим барьж хөгжих ёстойг чиглүүлэх, хөгжихөд нь дэм болох бодлогын бичиг баримтыг БСШУСЯ-наас гаргахаар төлөвлөсөн.