ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал” зусланд 100 гаруй аж ахуйн нэгжид газар олгосон

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-29

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдааны үеэр хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ ажлыг ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс орон даяар хэрэгжүүлж эхлэхээр болжээ. 

Үүнээс гадна хүүхэд зодуулж, дарамтлуулах, охид бүсгүйчүүд хүчирхийлэлд өртөх явдал зогсохгүй байгаа учраас салбар дундын төлөвлөгөөг Хүүхдийн үндэсний зөвлөлөөр батлуулж, 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгох чиглэл өгчээ. Мөн энэ өдөр Замын-Үүд суманд баригдсан дэд бүтцийн болон барилга байгууламжийг долдугаар сарын 01-нээс ашиглаж эхлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг ундны усаар хангах ус цэвэршүүлэх үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, эрчим хүчний дэд станц, 13.5 км авто зам, гэрэлтүүлэг, явган зам зэргийг барьжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” 58.8 сая ам.долларын өртөгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газар 8.8 сая ам.долларыг нь гаргасан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажилласныхаа дараа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан юм. Тэгвэл өчигдрийн хуралдааны гол хэлэлцсэн асуудал нь Улаанбаатар хотод олгосон замбараагүй газар олголтыг цэгцлэх асуудал байжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тэр хэлэхдээ “Аливаа төлөвлөлтгүй асуудалд тодорхой хэмжээний захиргааны арга хэмжээ хэрэглэхээс өөр аргагүй болж байгааг хэвлэлийнхэн болон олон нийт ойлгоосой гэж хүсч байна. Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудалд ч улстөрчид оролцсож, замбараагүй газар олгосноос болсон хэрэг. 27 жилийн алдаа оноог бүхэлд нь цэгцэлж, дүгнэх шаардлага бий. Үүний нэг нь яах аргагүй замбараагүй газар олголт юм” гэлээ. Мөн барьцаанд байгаа цэцэрлэгт хүрээлэн болон хотын төвийн газруудын талаарх мэдээллийг өгөв. 
2012 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар банкинд: 

-Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатай 

-Асашёрюү цэцэрлэгт хүрээлэн­гийн 0.24 га талбайг 

-Монгол-Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуугийн 1.8 га газар 

-МУИС-ийн урд талын оюутны талбай бүхий 0.12 га зэргийг тус бүр таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгожээ. Түүнчлэн,  

-Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг газарт 0.8 га газрыг

-Улсын драмын эрдмийн театрын урд талын Ю.Цэдэнбалын нэрэмжит 0.4 га газрыг ч Улаанбаатар банкинд тус, тус олгожээ. Тэрбээр, үргэлжлүүлэн “Нийслэлийн түүх соёл бүхий нийтийн эзэмшлийн талбай руу орчихсон байгааг эндээс харж болно. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол цаашид Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд туйлын хүнд байдалд орно” гэлээ. Хуралдаанаар “Найрамдал” зусланд хууль зөрчиж газар олгосон асуудлыг ч ярилцжээ.  

Засгийн газар “Найрамдал” төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц чиг үүргийг шилжүүлсэн. Тэнд 100 гаруй аж ахуйн нэгжид газар өгсөн байгаа аж. “Найрамдал” төв бол төрийн онцгой обьект. Тийн атал замбараагүй газар олгосон нь буруу гэдгийг хэлж байлаа. Мөн “Хүүхдийнхээ газраас ингэж булааж болохгүй. Цэгцлэх ёстой гэсэн үүргийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хотын дарга С.Амарсайхан нарт Ерөнхий сайд үүрэг өглөө.

Ирэх даваа гараг гэхэд бүх бичиг баримтыг бэлтгэх ёстой. Даваа гарагт Засгийн газар үдээс хойш нийслэлд очиж ажиллана. Мөн ажлын хэсэг байгууллаа. Үүнийг цэгцэлж, аж ахуйн нэгжүүдтэй ярилцана. Зөвшөөрөлгүй газар олгосон барилгуудыг буулгахаас өөр аргагүй. Ингэж байж сургамж авахгүй бол бүх зүйлийг төлөвлөлтгүй хийж байна. Дэлхийн аль ч улс оронд Төв талбайгаа авах гэж лоббидож байсан жишээ байхгүй.

Хүүхдийн паркаа, зочид буудлын өмнөх цэцэрлэгээ, тэр ч байтугай хүүхдийн зуслангаа булааж авч байсан түүх байхгүй. Цаашдаа энэ байдлаар явах юм бол Улаанбаатар хот дахин босож ирэхгүй болно. Их тэнгэрийн цогцолбор газарт бизнесийн зорилгоор байшин барих шийдвэр гарчихсан. Төрийн тусгай хамгаалалтын газар учраас зөвшөөрлийг нь албан ёсоор өгөх боломжгүй. Зайсанд аялал жуулчлалын цогцолбор барина гэх нэрээр орон сууцнууд олноороо баригдсан. Эдгээрийг даваа гарагаас цэгцэлнэ” гэсэн юм. Мөн чөлөөлсөн цэцэрлэгт хүрээлэн болон барилга зөвшөөрөлгүй барьсан газруудыг тухайн аж ахуйн нэгжийнх нь мэдэлд үлдээнэ гэдгээ мэдэгдлээ.