ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Анударь: Томчууд өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчдөг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-30

Үг, үйлдлээрээ үе тэнгийн найзууддаа үлгэр дуурайлал болохыг хичээдэг Ц.Анударь охин “Ярилцах танхим”-д зочиллоо. Тэрбээр дөрөвдүгээр ангидаа ном гаргах санаа төрж, өдгөө ажил хэрэг болгосон мундаг охин юм. Түүний хувьд “Шинэ Монгол” сургуулийн долдугаар ангид суралцдаг аж. 

-Дөрөвдүгээр ангид  байхдаа ном гаргаж байсан гэсэн. Бага насны хүүхэд хичээлдээ амжилттай суралцаад, хажуугаар нь ном гаргана гэдэг маш их хичээл зүтгэл шаардсан байх. Үүгээр хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Дуу, аялгуу сонсох их дуртай. Дуугаа сонсоод сууж байхдаа  ид шид,  зөгнөлийн тухай ном зохиох санаа төрсөн. Анх дөрөвдүгээр ангид  байхдаа энэ санаагаараа зохиогоод байж байтал Ц.Энхтүвшин гээд хүүхдийн зохиолч эгч маань товч,  оновчтой байхаар ойлгуулж,  зааж өгсөн юм. Тэгээд номоо “Алиман гүнж” гэж нэрлэж байлаа

-“Алиман гүнж”  номоороо юу ойлгуулахыг зорьсон бэ?

-Зарим хүүхдүүд ид шидэнд итгэдэг. Би өөрөө ч дотроо бодох дуртай. Тийм хүүхдүүдэд тохирсон ид шидийн гэмээр адал явдлаар зохиолоо өрнүүлсэн. Найзууддаа өгөхөөс гадна сургуулийнхаа номын санд 30 ном өгнө. Номоо 1200-1500 төгрөгөөр зарж магадгүй /инээв/.  Номоо зарчихвал дараагийн номоо гар­гана гэж бодож байна. Дараагийн номоо мөн л ид шидийн тухай цуврал хэлбэрээр гаргах юм. Нэг хүүхд­ийг төлөөлүү­лэн,  түүнд тохиолдох адал явдал, таатай, таагүй дурсамж,  сургамж,  хүүхдүүд яг ямар зүйл рүү  хүсч тэмүүлдэг гэдгийг номоороо илэрхийлнэ. Утга санаа, ном бүрийн­хээ агууламжийг бодсоны дараа хэвлэж гаргана. Гэхдээ ойлгуулах гэж буй санаагаа зургаар илэрхийлнэ гэсэн бодолтой байгаа. 

-Ном гаргах нь өөрийгөө сорих хөгжүүлэх нэг хэлбэр байх. Зургийн дугуйландаа 30 минутын дараа орно гэж байсан. Зураг сайн зурдаг бололтой? 

-Байгалийн чимээ, ая сонсоод, дотроо төсөөлж зураг зурах дуртай. Дуу, байгалийн чимээ, ая,  үгийг сонсч зураг зурахаар маш их хөглөгддөг,  дотоод бодлоо цаасан дээр илэрхийлэх боломж олддог. Бас ном унших дуртай. Хүн бүрт чөлөөт цаг зөндөө байдаг. Миний хувьд тэр цагаа дэмий үрж болохгүй гэж боддог учир хөгжүүлэх зүйлдээ анхаарах хэрэгтэй.  Бага байхдаа балетаар хичээллэдэг байсан. Мөн төгөлдөр хуур хөгжмөөр  багаасаа хичээллэсэн болохоор улам сайн тоглож сурахыг хичээдэг. Манай сургуульд Япон хэлний хичээл ордог учраас чөлөөт цагаараа ханз цээжилдэг. Аниме үздэг болохоор  цээжлэх үгнүүдээ сонсож, хэлэндээ анхаардаг.  

-Яагаад  япон хэлэнд дуртай болсон бэ?

-Ээжийнхээ ажлын шаардлагаар 1-4 нас хүртлээ Япон улсад амьдарч байсан юм. Тэр цагаас хойш энэ улсад дуртай, хүмүүсийн зан төлөв, амьдрах орчин нь манай Монголоос тэс өөр. Том болоод Япон улсад загвар зохион бүтээгч эсвэл зургийн урлагаар суралцах зорилготой байгаа. Тиймээс энэ орныг  илтгэх хэлний соёлыг  маш их сонирхож байгаа. Гэхдээ би ирээдүйд гадаадад амьдаръя гэж боддоггүй. Зүгээр л ээж, аавынхаа дэргэд, тэднийгээ баярлуулж амьдрахыг хүсдэг жирийн л мөрөөдөлтэй.

-Япон хүүхдүүдийг хэр мэдэх вэ. Монгол хүүхдүүдтэйгээ харьцуулж үзэв үү?

-Япон хүүхдүүд маш соёлтой, хэдэн ч насны хүн байсан хүндэлдэг. Бусдыг нэг нэгэнгүй сонсдог. Найзгүй, ганцаарддаг хүүхдэд тусалдаг, нийтэч,  сайн хүүхдүүд байдаг.  Монгол хүүхдүүд өөрийнхөө дураар юм хийдэг бол, япон хүүхдүүд хийхийнхээ өмнө заавал боддог. Тиймээс монгол хүүхдүүд тэдгээр хүүхдүүдээс арай өөр  зан төлөвтэй санагддаг. 

-Арай өөр гэхээр ямар гэсэн үг вэ?

-Япон хүүхдүүд шиг бие биедээ тусалдаггүй. Жоохон санаачилгагүй байж магадгүй. Том хүмүүс юм хэлэхээр хэнэггүй, дуулгаваргүй, дураараа загнадаг.  Гэхдээ бүгдээрээ биш шүү. 

-Чиний нүдээр хүүхдүүд ямар байгаасай гэж хүсч байна?

-Эцэг, эхчдүүд хүүхдүүддээ уурлаж болно. Уурлах ч эрхтэй. Гэхдээ ээж аавынхаа уурлаж байгааг хүүхдүүд нь буруугаар битгий ойлгоосой. Биднийг ирээдүйд сайн хүн болоосой, буруу зүйлд автчих вий гэсэнд ээ л бидэнд уурлаж, загнадаг юм шүү. Би ч гэсэн ээж аавыгаа их уурлуулдаг. Алдаа ч гаргадаг байх /инээв/. Хүүхдүүд маш их дураараа аашилж, буруу зүйл рүү орж байгаа нь онцгүй санагддаг. Хөвгүүд хичээл номондоо анхаарахгүй, ПС тоглоомын газар их тоглодог. ПС тоглоомыг хэн ч, хэзээ ч тоглож болно. Гэхдээ алт шиг цаг хугацаагаа алдаж байгаа хэрэг байх. Ирээдүйдээ муу зүйл хийж байгаа ч юм билүү. 

-Жишээлбэл, чиний хувьд ямар алдаа гаргаж уурлуулах уу?

-Хүн бүр дутагдалтай, би ч бас дутагдалтай. Тэр дутагдлаа зас гэж манай аав ээж үргэлж сануулдаг. Заримдаа уурладаг. Тэглээ гээд би уурласан гэж боддоггүй,  алдаагаа засахын тулд юу хийх, яах ёстойгоо  үргэлж боддог . Үе тэнгийн найзууд маань ч гэсэн ийм байгаасай гэж хүсдэг. 

-Ээж аав чамд  нь юу гэж сургадаг вэ?

-Ээж аавдаа сайн тусалж амждаггүй. Хичээлдээ л  их шамддаг. Ээж аав маань ч намайг  “Ийм зүйл хий гээд байдаггүй, хичээлээ сайн хийгээд  өөрийгөө хөгжүүл” гэж хэлдэг. Мөн  дүү бид хоёрын ирээдүйн амьдралын талаар их ярьдаг. Ирээдүйд хүүхэд бүр хэцүү асуудалтай тулгарна. Тийм тохиолдолд хэзээ ч шантрахгүйгээр давж гарах хэрэгтэйг үргэлж хэлдэг юм.  Бас амрахдаа,  хичээллэхдээ гэх мэт ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол хуваарь гарга гэж хэлдэг. Жишээлбэл, амралтын үеэр хэзээ нь хичээлээ хийх, ямар үед тоглох, бусад үед дуртай зүйлээ яаж амжуулах вэ гэх мэтээр заавал төлөвлөж байгаарай гэж хэлдэг. Дүү минь ч адилхан.

-Дүү нь үгэнд чинь ордог уу?

-Дүүтэйгээ ноцолддог,  хэрэлддэг ч гэсэн маш их хайртай. Мэдээж миний ирээдүйд  үргэлж түшиг тулгуур  болох учраас  сайн эгч байхыг  хүсдэг. Хэрэлдсэний дараа бид хоёрын хэн буруутай нь уучлалт гуйж эвлэрдэг. Гэхдээ ихэвчлэн дүү маань уучлалт гуйдаг /инээв/. 

-Удахгүй сурагчдын  зуны амралт эхлэх гэж байна. Яаж амрах төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Өмнө нь “Хөдөлмөр”, “Найрамдал” зуслангуудад  амарч байсан.  Энэ жилийн зуны амралтаараа усанд сэлэлт,  англи хэлний дугуйлан сургалтад явна. Сурах газраа ч сонгочихсон байгаа. Дээрээс нь япон хэлний ханзаа цээжилж, төгөлдөр хуураа сайн сурахаар төлөвлөсөн.

-Хөдөө явж амардаг уу. Монголын байгаль их гоё шүү?

-Би хөдөөний амьдралыг сайн мэдэхгүй. Ээж, аав маань зуны улиралд амардаггүй, ажилтай болохоор  гэр бүлээрээ хотдоо байдаг. Гэхдээ хөдөө явж үзэхийг хүсдэг.

-Томчуудад юу гэж хэлмээр байна?

-Хүүхдийн тоглоомын талбайг цэвэр, тохилог болгож болохгүй юм болов уу. Том ах, эгч нар тоглоомын талбайд архи уудаг, тамхи татдаг, орчныг нь бохир болгочихдог. Түүн дээр нь жоохон хүүхдүүд мөлхөнө, гэртээ тоглодог тоглоомоо тэнд тавьдаг болохоор муухай санагддаг. Япон бол шал өөр. 

-Аав, ээжтэйгээ хэр нээлттэй ярилцдаг вэ. Тулгарсан асуудлаа чөлөөтэй илэрхийлэх боломж олддог уу? 

-Аав, ээж минь намайг бүх талаараа дэмждэг. Хэцүү үед  битгий шантар  гэж хэлдэг. Би өөрийгөө бага зэрэг зожиг гэж боддог л доо. Бага байхдаа уг нь их яриа, нээлттэй байсан. Сургуульд ороод өөрийгөө илэрхийлж нээж чаддаггүй. Заримдаа ангийнхаа зарим найзуудтай дуртай хичээл, ном болон бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлын талаар ярилцдаг. 

-Хүүхдийн эрх гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Хэцүү асуулт байна. Миний хувьд соошл орчин, фэйсбүүкэд их ороод байдаггүй, зурагт их үздэггүй учраас тийм мэдээллээс хол. Зөгнөлт, адал явдалтай, төсөөллийн аниме л үздэг.  Миний бодлоор энэ дэлхийд амьдарч байгаа хүүхэд бүр хайрлуулах,  сурч боловсрох эрхтэй. Гэхдээ томчууд,  аав ээжүүд, багш нар хүүхдийн эрхийг битгий  зөрчөөсэй. Жижигхэн биетэй болохоор зодохоор маш их өвддөг байх. Аавууд архи ууж хүүхдийн эрхийг их зөрчдөг гэж ярьдаг ч, өөрсдөө тийм зүйлийг үйлдлээрээ гаргадаг. Манай аав архи огт уудаггүй болохоор,  би тийм зовлон үзээгүй л дээ. Ааваараа маш их бахархдаг. Гэхдээ бусад хүүхдүүд тийм зовлонг туулдаг тухай сонсохоор сэтгэл өвддөг юм. Тийм болохоор  хүүхдийн эрх битгий зөрчигдөөсэй, үргэлж инээж баясаж, жаргалтай яваасай гэж хүсэж байна. 

-Чи хэзээ хамгийн жаргалтай байдаг вэ?

-Ээж, аав, дүүтэйгээ байхдаа хамгийн жаргалтай байдаг. Заримдаа боддог л доо. Хүний амьдрал  мөнх бус учир хэзээ нэгэн цагт хагацал үзэхэд дүү бид хоёр хоюулахнаа үлдвэл яана аа гэж. Тийм болохоор хамт байгаа дээрээ үр хүүхдээ хайрлаж, хүүхдүүд нь аав ээжийгээ хайрлах нь хамгийн аз жаргалтай цаг мөч байх. Гэхдээ би дахиж дүүтэй болохыг хүсдэг ч ээж маань болохгүй гэдэг /инээв/. Бас эгчтэй болохыг хүсдэг. Айлын том хүүхэд бүх хариуцлагыг үүрдэг. Жишээлбэл, дүү маань алдаа гаргавал, миний буруу гэж боддог. Аав ээж маань айлын отгон хүүхдүүд учраас надад их шаардлага тавьдаг л даа. Аав ээждээ намайг өдөр бүр дэмжиж,  өдий зэрэгтэй өсгөж, юугаар ч дутаахгүй өсгөсөнд баярлалаа. Та хоёрынхоо ачаар зовлон мэдрэлгүй өссөн  шүү. Бас багш маань хэдхэн сарын дараа төрнө. Эсэн мэнд төрж, хөөрхөн хүүхэд гаргаарай гэж хэлэх гэсэн юм. Ангийн найзууддаа сайхан  баярлаарай гэж хэлье дээ.