ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Чинзориг: 980 мянган хүүхдэд энэ сарын 1-ээс хүүхдийн мөнгө олгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-02

Хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд энэ сарын 1-ээс эхлээд мөнгө олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа. 

-Засгийн газраас хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Засгийн газраас энэ сарын 1-ээс эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар зургадугаар сард багтааж хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2018 оны тавдугаар сард УИХ-ын шийдвэр гарч, нийт хүүхдийн 80 хувьд нь буюу 912 мянган хүүхдэд мөнгө олгохоор болсон. Бүр тодорхой хэлбэл, УИХ-ын 40 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолд Засгийн газарт өгсөн нэг үүрэг нь цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан иргэдийн хүүхдүүдэд тэтгэмж өг гэсэн. Тогтоолын энэ заалт, үүргийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар энэ сарын 1-ээс хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгө олгохоор болж байгаа юм. УИХ-ын 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс манай яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 2018 оны долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсүүдийг түшиглэж, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй байгаа өрхийн судалгааг авсан. Энэ судалгааг нэгтгээд үзвэл нийтдээ 980 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн байна. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олго гэсэн. Улмаар шаардлагатай төсөв болох 2018 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Төсвийн хуулийн бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож ирсэн. Өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард авсан судалгааны дагуу одоо байгаа дээрээс нэмэгдээд 70 хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тиймээс энэ сарын 1-ээс эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох ажил бүрдсэн.  

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй иргэд дахиад хүсэлт гаргах юм уу. Эсвэл өнгөрсөн жил хүсэлт гаргасан гээд байгаа 70 мянган хүүхдэд л мөнгө олгох уу?

-Өнгөрсөн оны долоо, наймдугаар сард хүсэлт гаргаж, бүртгүүлж, материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүйгээр авах боломжтой. Өөрсдөө Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстээ очоод, хүүхдийн мөнгө авах хүсэлт нь өрхийн мэдээллийн санд орсон байна уу, үгүй юу гэдгээ тулгаад, баталгаажуулах хэрэгтэй. Хэрвээ 2018 оны долоо, наймдугаар сард хийсэн судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрх байвал өнөөдрөөс /өнгөрсөн баасан гараг/ эхлээд дүүргийнхээ болон аймаг, сумын хөдөлмөр, халамж үйлчилгээний ажилтанд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Түүний дараа бид амжиргааны түвшнийг тогтоож буй 670 гэсэн оноогоор шалгуур тавьж үзээд, мөнгөн тэтгэмж олгоно. Хүүхдийн мөнгө нэмж олгоход 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ мөнгийг ХНХ-ын батлагдсан нөөцөөс олгох боломжтой гэж үзсэн. Ямар нэг хууль, журам зөрчих зүйл гарахгүй.  

-Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж нөхөж олгох уу. Энэ талаар иргэд их сонирхож байна?

-Өнгөрсөн жил судалгаа авахдаа хүсэлт авсан иргэдийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа. Гэхдээ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгөн тэтгэмж олгоно гээд мөнгө тусгаж өгсөн. Судалгаа хийгээд үзэхээр энэ оны нэгдүгээр сараас сар бүр 911500-911600 хүүхэд мөнгөн тэтгэмж авсан байна. Үндсэндээ улсын төсвөөс баталж өгсөн мөнгөн дүнгийн хэмжээнд хүүхдүүд тэтгэмжээ аваад ирж. Нэмэлт эх үүсвэрийг сая л шийдэж байгаа болохоор нөхөж олгох боломжгүй. Энэ сарын 1-ээс эхлээд л нэмэгдэж байгаа 70 мянга орчим хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно.  
-Та сая өрхийн амжиргааны 670 гэсэн оноог харах талаар ярилаа. Нэгэнт хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт олгохгүй юм уу. Дахиад өрхийн амжиргааны түвшнээр нь ялгаж, хасах хэрэг үү?
-Нийт хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олго гэсэн чиглэл өгсөн. 
Гэхдээ 670 гэсэн босго оноог авч үзэх шаардлага бас бий. Энэ оноог авч үзэхгүй бол сүүлийн хагас жилд олгохоор шийдвэрлэсэн 12.3 тэрбум төгрөг хүрэхээргүй олон хүүхэд хүсэлт гаргах магадлалтай. Улмаар дахиад нэмэлт эх үүсвэр гаргах шаардлагатай болж магадгүй гэсэн болгоомжлол бий. Тиймээс бид 670 гэсэн онооны шалгуураа тавина. Мөн шинээр хүсэлт гаргаж байгаа хүүхдэд он дуустал олгох мөнгөн тэтгэмж 12.3 тэрбум төгрөгтөө багтахаар байх шаардлагатай байна. Хэрвээ олон хүүхэд хүсэлт гаргаад, нэмж гаргаж байгаа мөнгө хүрэхээргүй болбол бид босго оноогоо хэрэглэнэ. Би түрүүнд хэлсэн, өрхийн мэдээллийн санд 980 мянган хүүхэд бүртгэлтэй байгаа гэж. Оны эхнээс 912 мянган хүүхдэд тэтгэмж өгсөн. Үлдсэн 70 орчим мянган хүүхэд нь босго оноондоо багтаж буй хүүхдүүд. Тиймээс энэ сарын 1-ээс 980 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход бэлэн гэсэн үг. 

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно гэж ойлгосон. Гэтэл одоо 12.3 тэрбумын эх үүсвэрт тааруулах талаар яриад байна. 670 гэсэн босго онооноос дээш оноотой айлын хүүхэд хүсэлт гаргасан тохиолдолд өгөхгүй гэсэн үг үү?

-Хүсэлтээ өгсөн айлуудаас 670 гэсэн босго онооны шалгуураа хангаж байгаа өрхийн хүүхдүүдийн мөнгийг эхний ээлжинд шийдээд, олгочихъё гэж байгаа юм. Уг нь өнгөрсөн жил бид хүсэлтээ аваад дуусчихсан шүү дээ. Өнгөрсөн жил судалгаа хийгээд, хүсэлт авч байхад анзаараагүй юм уу, мэдээлэлгүй байснаасаа шалтгаалаад хоцорчихсон.   Энэ жил мөнгө өгөх болохоор дахиад хүсэлт өгөх талаар яриад байна. Бид иргэдийг чирэгдүүлэхгүй, бухимдал үүсгэхгүйн тулд нэмж хүсэлтийг нь авъя гэж байгаа. Хүсэлтээ аваад, батлагдсан нэмэлт эх үүсвэртээ багтаж байвал хүсэлт гаргасан бүх хүүхдэд мөнгө өгнө. Харин батлагдсан нэмэлт эх үүсвэр хүрэлцэхгүй гэвэл босго онооноос доош орж байгаа өрхийн хүүхдэд мөнгөө олгоно. Үлдсэн өрхийн хүүхдүүдэд ямар шалгуураар өгөх вэ гэдгээ бид тохирно. 

-Засгийн газар хүүхдүүдээ ялгаврлаад байна. Илүү будаа агшаагчтай, арай том зурагттайгаасаа болоод хүүхдийн мөнгө авахгүй үлдэж байна гэсэн гомдол ч их гарч байгаа?

-Хүүхдийн мөнгөний асуудл­ыг улстөржүүлэхгүй байгаасай гэж хүсье. Засгийн газар төсөв санхүүгийн боломж хүрвэл хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг зорьж байна. Бид нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байсныг бодвол 80 болгож нэмсэн. Эдийн засгийн өсөлт гарч байна. Эдийн засгийнхаа өсөлтийг иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд бага ч болов нэмэр болгох бодлого барьж байгаа. Энэ хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгож эхэлсэн. Одоо дахиад нэмэх гэж байна. Тооцоогоор нийт хүүхдийн 86 хувь нь хүүхдийн мөнгө авах боломжтой болно. Бид төсөв санхүүгийнхээ боломжид тулгуурлаад илүү олон хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох талаас нь ажиллаж байна. Үүнийг иргэд зөвөөр ойлгоосой.

-0-3 хүртэлх насны хүүхдээ харж байгаа ээжүүд “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж, сар бүр тэтгэмж авч эхэлсэн. Гэхдээ төрөөд удаагүй байгаа ээжүүдэд ажлаасаа жирэмсний амралтын мөнгө авсан учраас тэтгэмж олгохгүй гэсэн нугалаа гараад байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг тодорхой хэмжээнд үнэлэх. Ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах ёстой гэсэн бодлогыг Засгийн газар барьж байгаа. Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн цалин хөлс тасалддаггүй. Хүүхдээ харж байгаа хугацааных нь нийгмийн даатгал төлөгддөггүй. Тиймээс Засгийн газар өнгөрсөн оноос “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлээд, 0-3 насны хүүхдээ харж, асарч байгаа ээжүүдэд сар тутамд 50 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Нийтдээ 157 мянган ээж энэ хөтөлбөрт хамрагдаж, сар тутамд мөнгөн тэтгэмж авч байгаа гэсэн судалгаа бий. Ирэх жилээс бид ээжүүдтэй холбоотой 2-3 хууль хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Нэгдүгээрт, 0-3 хүртэлх насны хүүхдээ харж, асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл нь тасалдалгүй төлөгддөг байх. Эхийн нийгмийн баталгаа алддаггүй байх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө. Хоёрдугаарт, ээжүүд даатгалд хамрагдсан хэлбэрээсээ хамаараад цалин хөлснөөсөө ялгамжтай тэтгэмж авч байгааг болиулна. Заавал даатгалд хамрагдсан иргэд цалин хөлснөөсөө 100 хувиар тэтгэмж авдаг. Сайн дурын даатгалд хамрагдсан иргэд цалин хөлснөөсөө 70 хувиар тэтгэмж авч буй асуудал бий. Ирэх жилээс даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад ээжүүд цалин хөлснөөсөө жирэмсний болоод амаржсаны тэтгэмжээ 100 хувиар авдаг байх хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөрийн тань асуусан асуултад хариулахад, нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байсан ээжүүд жирэмсний болон төрсний дараах 120 хоногийн тэтгэмж авдаг. Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа хугацаанд “Цалинтай ээж” хөтөлбөрөөс давхардуулан тэтгэмж олгохыг зогсоох нь зүйтэй гэж бид үзсэн. Яагаад гэвэл, нэг төрлийн тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэсэн хуулийн заалттай. Энэ хуульд нийцүүлээд хоёр тэтгэмжийг давхардуулж олгохгүй байгаа юм.  

-Хүүхдээ төрүүлчихээд, харж байхдаа гэрээсээ ажлаа хийгээд, нэмэлт орлого олдог ээжүүд цөөнгүй бий. Гэтэл “Цалинтай ээж” хөтөлбөр­өөс хасаад байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Тэр ээж тогтмол орлоготой байвал “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагдана. Тухайл­бал, хувиараа хөдөл­мөр эрхэлж байгаа малчин ээжүүд “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаад, тэтгэмжээ авч байгаа. Малчин ээжүүд орлого олохын хажуугаар хүүхдээ харж байгаа, адилхан юм биш үү гэж бодож байж магадгүй. Тэд байнгын, тогтмол орлого олж чадахгүй байгаа гэдэг шалтгаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Хэрвээ ээжүүд байнгын, тогтмол орлоготой биш бол хөтөлбөртөө хамрагдаад явах боломжтой.