ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тянь Ань Миний хядлагаас хойш 30 жил өнгөрсөн ч бүх зүйл нууц хэвээр байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-03

30 жилийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжингийн зүрхэнд орших талбайд цэргийнхний  машин руу Дун Шенкүн гэх залуу хий шингээсэн даавуу, хоёр ширхэг гал өдөөгч шиджээ. Энэ мөчөөс түүний амьдрал орвонгоороо эргэсэн байна. 29 настай, үйлдвэрт ажилладаг байсан залуу чухам эл үйлдлийнхээ төлөө шоронд 17 жил хоригджээ. Энэ хугацаанд эцэг нь нас барж, эхнэр нь гурван настай хүүтэйгээ үлдсэн бөгөөд хоригдож байх хугацаанд нь түүнээс салжээ. Хүү нь одоо 33 настай. Үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдаас өөрчлөлтийг шаардсаныхаа төлөө мянга мянган залуус 30 жилийн өмнөх тэр өдөр  Бээжингийн зүрхэнд нойрссон бол мөн төдий тооны залуус амьдралаа алдаж, шоронд хатсаны нэгэн төлөөлөл нь Дун Шенкүн. Өнгөрсөн хугацаанд тэрхүү аймшигт өдрийн тухай хэнд ч ам нээж байсангүй. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Тянь Ань Миний талбайн цуст халдлагын талаарх шинэ зураг, бичлэг, баримтууд ил болсоор байна. Дун Шенкүн ч амьдралыг нь эргүүлсэн бараан өдрийн тухай нэг удаа ч дурсаж байгаагүй аж. Гэсэн ч яг 30 жилийн босгон дээр 33 настай хүүдээ ярьсныг CNN агентлаг нэвтрүүлжээ. 

Тэр хүүгээ өөрийг нь улс төрийн бус, энгийн гэмт хэрэгтэн гэж дурсахыг хүссэн байна. Учир нь аавынх нь өнгөрснийг хүү нь сөхөж, аюулд өртөх вий гэдгээс эмээсэн аж. Дун “Түүнийг хамгаалах гэж тэр. Тухайн үед юу болсон талаар би түүнд яриад эхэлбэл түүний бодол санаа өөрчлөгдчих вий гэж санаа зовсон юм” гэж ярив. Түүнтэй адил улс төрийн хэргээр шоронд ял эдэлсэн хүмүүс ч энэ үгийг л хэлж байх аж.  Тухайлбал, эдүгээ 53 настай Фанг Жен үр хүүхэд, ач зээгээ улс төрөөс хол байлгахыг хүсдэг гэнэ. Тэрбээр 1989 оны хөдөлгөөний идэвхтэнүүдийн нэг байсан бөгөөд зургадугаар сарын 4-ний өдрийн аймшигт хядлагаар хоёр хөлөө алджээ. “Тэр явдал хүн бүрт айдас авчирсан” хэмээн тэр өнөөдөр дурсаж байлаа. Дун Шенкүний хэлснээр, Тянь Ань Миний хядлагын талаар мэдэхгүй өссөн хүн зөвхөн түүний хүүгээр хязгаарлагдахгүй. Жил сар улирах тусам Хятадын Коммунист нам хэрхэн залуусыг хядсан тухай үнэн мартагдаж байгааг онцолжээ. Хятадын ямар ч сурах бичигт тэр талаар дурдаагүй. Үүгээр үл барам Хятадад интернэт сайтад ч энэ талаарх мэдээлэл гарч ирэхгүй. 

Дэлхийн хамгийн том 10 талбайн нэг, 440 мянган метр.кв талбайд 1989 онд хэчнээн тооны залуус, хэдэн долоо хоног жагссан. Тэд юу хүсч, юунд уриалсан. Хятадын Засгийн газарт ямар мэтгэлцээн өрнөж, эцэстээ цэргийнхэн ялж, цэргийн тусгай ажиллагаа явуулж, нэг шөнийн дотор хэдэн мянган хүн хядсаныг Хятадын хойч үе жил сар улирах тусам мартаж байгаа. Хятадын Засгийн газар ч тэр дурсамжийг мартуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулсаар байгаа аж. Эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан хүмүүсийг болсон явдлын талаар хэвлэлд яриулахгүй байх бүхий л арга хэмжээг авдаг байна. Ингэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, мэдээ материал нийтэлсэн мэдээллийн байгууллагыг хаах хүртэл арга хэмжээ авч иржээ. 

“Хэсэг оюутнууд хашаа давж, талбайгаас зугтахыг оролдсон ч, танк тэднийг шууд л дайрч алахыг би харсан” хэмээн Дун ярив. “Бидний насныхан, бас настайчууд юу болсныг мэднэ. Гэхдээ тэд ярихаас айдаг. Харин биднээс доошх үеийнхэн, залуус тэр талаар огт мэдэхгүй. Тэдний хүүхдийн хүүхдүүд  бүр дурсах ч үгүй байх. Би хоёр охинтой. Тэдэндээ энэ талаар ярихгүй. Манай нийгэм хангалттай аюулгүй болоогүй. Тэднийгээ айдасгүй өсч торниосой гэж хүсч байна” хэмээн тэрхүү үйл явдлын нэгэн гэрч Жан Маошанг ярьжээ. Хоёр сар орчим хугацаанд өрнөсөн залуусын хөдөлгөөний талаарх гадны зурагчдын дуранд өртсөн түүхэн зураг л  эрх баригчид нь хэрхэн ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэснийг батлах баримт болж үлджээ. 

 

Тянь Ань Миний хядлага

1989 онд Хятадад ардчилалын төлөөх жагсаал өрнөөгүй бол, мянга мянган залуус тус талбайд сүүлчийн амьсгалаа татаагүй бол Тянь Ань Мин магадгүй эдүгээ дэлхийн 10 том талбайн нэг гэдгээр л танигдах байлаа. Гэвч, эдүгээ цуст хядлагаар дэлхий дахинаа овоглогдох болсон билээ. Бээжин хотын төвд орших эл талбайд 1989 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 4-ний хооронд Хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид ардчилалыг хөгжүүлэх шаардлага тавьж, жагсаал цуглаан болон суулт хийсэн юм. 

Бослогыг хэрхэн зогсоох талаар эрх баригчид санал зөрөлдөж байв. Тэдний зарим нь зөөлөн, зарим нь хатуу аргаар дарж авах саналтай байлаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаа жагсагчид, эрх баригчид уулзжээ. Гэвч, залуусын шаардлага хэт олон, эцсийн зорилго нь тодорхойгүй байсан нь ойлголцоход сөргөөр нөлөөлж байсан гэдэг. Эцэстээ армийнхан хотыг хяналтдаа авч, зургадугаар сарын 3-нд арми, иргэдийн хооронд мөргөлдөөн гарчээ. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, өөдөөс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгүүд болон Их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлсэн байна. Армийн танкууд Тянь Ань Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ үед жагсаалыг зохион байгуулагчид цэргүүдийн өөдөөс “молотовын коктейль” мэтийн зэвсэг ашиглахгүй байхыг анхааруулж байжээ.

Зургадугаар сарын 4-ний өдрийн үүрийн 04:00, 05:00 цагийн үед армийн танкууд талбайд бүрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бүгдийг сүйрүүлжээ. Гэвч үүнээс ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байсан гэдэг. Амь үрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгүй Энэ аймшигт хядлагын үеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгүй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн энэ үеэр амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг аж. Энэ явдлын дараа хядлагын талаар дурсахыг хоригложээ. Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь үүдээ барьж, хэдэн арван сонины эрхлэгчид ажлаасаа халагдан, шийтгүүлсэн гэдэг. Одоо ч, Хятадад цахим хуудсаар Тянь Ань Миний хядлагын талаарх мэдээллийг авах боломжгүй хэвээр. НҮБ-аас Хятадын эрх баригчдыг ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байсан ч, тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хүлээж байсангүй.