ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүнжигтэй зээлдэгчид л зээл олддог

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-04

Дэлхийн бүхий л алдартай үйлдвэрлэгчдийн хувцсыг өмсөөд, цүнхийг нь бариад, 30, 40 мянган ам.долларын үнэтэй цаг зүүсэн “гуйлгачин” гэж сонссон уу.  Хаана тийм “гуйлгачин” байна вэ гэж сонирхож магадгүй. Монголд байна.  Манай улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд гадаадын орнууд руу явж, ихэнхдээ л зээл, тусламж гуйдаг.

“Бид улсаа ингэж хөгжүүлэх гэж байгаа юм. Олон төлөвлөгөө бий. Даанч бидэнд мөнгө алга. Танай улс баян юм чинь буцалтгүй тусламж, нэн хөнгөлөлттэй зээл өгөөч” гээд л гуйгаад явна даа. Хамгийн сонирхолтой нь мөнгө гуйж очиж байгаа хүмүүс нь дэлхийн бүхий л алдартай брэндээр биеэ бүрхээд, тусламж өгөх гэж байгаа орных нь зарим хүмүүсийн сургийг нь сонсч л байсан үнэтэй цагийг зүүгээд очдог гэж байгаа.

Бүр сонирхолтой нь буцалтгүй тусламж өгөх гэж байгаа орны улстөрчид, албаны хүмүүс нь энгийн нэг даавуун хувцастай зогсч байх нь элбэг. Бодоод байхад, баян улсын улстөрчид нүнжиг муутай.  Олигтой брэндээр ч гоёж чадахгүй. Бусдад буцалтгүй тусламж өгч байгаа мөртлөө тэр мөнгөнөөсөө хэд гурвыг нь “шуугаад”, үнэтэй хүрэм, гутал авч өмсөөд, Швейцарь цаг зүүчихэд яах вэ дээ. Манай улстөрчид бол үнэхээр нүнжигтэй.

Бусдын өгсөн тусламжийн мөнгөний талыг нь “гулгуулаад”, брэндийн хувцсаар бүлтэртэл гоёхоо мэдэхээр ухаантай.  Тэр цаг энэ тэр юу ч биш.  Тэрбумаар үнэлэгдэх хөөргөө гаргаад тамхилсан ч чадна. Тэгээд ч аль үйлдвэрт үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хувцастай, цүнхтэй, муухан цаг зүүсэн хүмүүст ямар улс итгэж зээл өгөх вэ дээ.  Тиймээс хэдэн улстөрчдөө битгий муу хэл, монголчууд минь. Тэдний минь өмссөн хувцас, зүүсэн цаг зээлээ төлж чадна гэсэн итгэлийг гадныханд төрүүлдэг юм шүү.