ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Баяржаргал: Бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргасан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-04

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэхээр болсон. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Хуримтлалын сан удирдлагын хэлтсийн дарга Д.Баяржаргалтай ярилцлаа. 

-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй аж ахуйн нэгжийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэхээр болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Иргэн, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д өртэй ажил олгогчийн мэдээллийг хуулийн хүрээнд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.  Тодруулбал, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгийн Мэдээлэл “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.11 дэх заалтад зааснаар энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгүүлэхээр эцсийн байдлаар шийдвэрлэсэн байгаа. 

-Чухам ямар байгууллагын мэдээллийг “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлэх юм бол. Нийгмийн даатгалын шимтгэлээ тэдэн сараас дээш хугацаанд төлөөгүй бол мэдээллийг нь хүргүүлнэ гэсэн тодорхой заалт бий юу?

-Нэг зүйлийг дутуу ойлгоод байх шиг байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргадаг бүхий л аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлэхээр шийдвэрлээд байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хуулийн хугацаанд нийгмийн даатгалын санд  шилжүүлсэн бол өргүй, шилжүүлээгүй бол шимтгэлийн өглөгийн дүн харагдах байдлаар зээлийн мэдээллийн санд хүргэгдэнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуй нэгж шимтгэлээ төлсөн, төлөөгүйгээс үл хамаарч 72 цагийн дотор мэдээллийг нь шинэчилж байхаар журамласан байгаа. Ер нь аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл 72 цагийн дотор шинэчлэгдэнэ гэсэн үг. 

-Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д ажил олгогчийн мэдээллийг хүргүүлснээр ямар ач холбогдолтой вэ. Та түрүүнд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээллийг нь хүргүүлэхээр болсон гэсэн. Энэ талаар тодруулж ярьвал?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудаас хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 /Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ/ дүгээр зүйлд гэж заасны дагуу хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэвч ажил хийж байгаа ажилтан Батын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгаад авчихсан мөртлөө нийгмийн даатгалын данс руу шилжүүлэхгүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, ажил олгогчийн буруугаас болж иргэн Батын нийгмийн даатгал төлөгдөхгүй байна. Ингэснээр иргэн Бат нийгмийн даатгалын байгууллагаас үйлчилгээ авах эрхүүд нь хязгаарлагдаж, эрсдэл үүсч байдаг. Ямар ямар эрх зөрчигдөж, эрсдэл үүсэх вэ гэдгийг тайлбарлая: Тухайлбал, эмэгтэй ажилчид жирэмсний амралтын тэтгэмжээ авч чадахгүйд хүрнэ.

Ажлаас гарсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжээ авах эрх нь хязгаарлагдана. Үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалсан тэтгэмж авах эрх нь бас хязгаарлагдах эрсдэлтэй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хөнгөлөлттэй эдлэх боломжоо алдана. Тэтгэврийн хэмжээ буурч, өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх нь хүртэл зөрчигдөнө. Мөн арилжааны банкнаас зээл авах эрх, гадаад улс руу зорчихоор виз мэдүүлэх зэрэг эрхүүд зөрчигдөж, эрсдэл үүсч байдаг. Гэх мэтээр иргэдийн маш олон эрх зөрчигдөж байна. Тиймээс бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс өртэй ажил олгогчийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлж байгаа юм. 

-Одоогоор нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд төлөөгүй хэчнээн аж ахуйн нэгж байна?

-2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 13 мянга орчим ажил олгогч байгууллага байна. Эдгээр байгууллагууд 130 орчим тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. Үүний цаана 160 мянган иргэн, даатгуулагч ажиллаж байна. 160 мянган даатгуулагчийн эрх ашиг эдгээр байгууллагаас болоод хохирч, эрх нь хязгаарлагдахад хүрээд байна. Бид ирээдүйд эдгээр иргэдэд тохиолдож болох эрсдэлийг бууруулах үүднээс “Зээлийн мэдээллийн санд” өртэй ажил олгогчийн мэдээллийг хүргүүлж байгаа юм. 

-Өртэй аж ахуйн нэгжийн мэдээллийг Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгүүлснээр зөрчил ямар хэмжээнд буурна гэж тооцож байгаа вэ?

-Бид аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг хүргүүлснээр тодорхой хугацааны дараа үр дүн нь гарах байх. Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-гийн мэдээллийг ашигладаг 600 орчим байгууллага байдаг. Тэр байгууллагууд шимтгэлийн өртэй ажил олгогчийн мэдээллийг хараад, хуулийн хүрээнд ашиглах боломж нээгдэнэ. Тэр байгууллагууд мэдээллийг ашиглаж, шийдвэрээ гаргах юм. Түүнээс бид байгууллагуудын эрх ашгийг хязгаарлаад, хаах гээд байгаа зүйл байхгүй. 

-Хүмүүс аж ахуйн нэгжүүдийн хэвийн ажиллах боломжийг хааж байна гэсэн байр сууринаас хандаад байна. Тухайн байгууллага банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа өргөтгөхөд хүртэл саад болно гэсэн байр суурийг ч илэрхийлж эхэллээ. Тийм сөрөг тал бий юу?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хуулийн хугацаанд нийгмийн даатгалын санд шилжүүлсэн тохиолдолд хэвийн ажиллах боломж хаагдана гэсэн ойлголт байж болохгүй.   Нэг ёсондоо хэвийн ажиллаж байгаа, үйл ажиллагаагаа өргөтгөх гэж буй аж ахуй нэгж байгууллага шимтгэлээ цаг тухай бүр зохих дансанд шилжүүлж, ажилтан, даатгуулагчийн өмнө хуулиар заасан үүргээ биелүүлэх ёстой. Харин тухайн ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод даатгуулагчийн цалингаас суутгасан нийгмийн  даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд төлөгдөөгүйгээс болж, үүний цаана ажилтан, даатгуулагчийн ямар ямар эрх зөрчигдөж, эрсдэл үүсч буйг ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Үүний цаана тухайн байгууллагад ажиллаж байгаа иргэн, даатгуулагчийн зөрчигдөөд байгаа эрх ашгийг хамгаалах, ирээдүйд учрах эрсдэлийг л бууруулахын  төлөө бид ажиллаж байна.