ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алга болсон 13 настай охиныг эрэн хайх ажлыг дахин эхлүүлжээ

Б.ГАНЗОРИГ
2019-06-04

Өнгөрсөн оны наймдугаар сарын 07-нд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт ээжийн хамт амьдардаг байсан 13 настай охин хониндоо явна гэж гараад ор сураггүй алга болсон хэргийг “Монголын мэдээ” сонин анхлан олон нийтэд мэдээллэж байсан билээ.

Аймгийн Цагдаагийн газраас ихэд нууцалж байсан энэхүү хэргийг олон нийтэд ил болгосноор охиныг эрж хайх ажлыг эрчимжүүлэх болсон юм.  Сумын төвийн “Далайн зах” багийн Товогийн-Ар гэдэг газар, аймгийн төвөөс 243 км газарт хонь хариулж байсан охин учир битүүлгээр алга болсон нь олон хүний гайхшийг төрүүлж буй. Мөн охин хониндоо яваад ирэхдээ чихэртэй ирсэн гэх мэтээр учир битүүлэг асуудал ч яригдаж байлаа.

Тэгвэл охиныг эрэн хайх ажлыг дахин эхлүүлжээ. Аймгийн цагдаагийн газрын хүсэлтээр Аймгийн Онцгой байдлын эрэн хайх, аврах салбарын  таван алба хаагч нэг автомашин, аймгийн Цагдаагийн газрын долоон алба хаагч,  хоёр нохой, нэг автомашин, нийт 12 алба хаагч, хоёр нохой, гурван автомашинтай 243 км замыг туулан өчигдөр 19 цаг 45 минутад очиж, тус багийн Товогийн-Ар гэдэг газарт нисгэгчгүй төхөөрөмж нисгэн эрэн хайх ажиллагаа явуулах газрыг тандсан байна. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоож өнөөдөр өглөөний 08 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Өсвөр насны охид алга болох гэмт хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд хэд хэд бүртгэгдээд буй. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд амьдарч байсан охин мөн л ор сураггүй алга болсон бол Замын-Үүд хотоос жил гаруйн өмнө мөн л есөн настай охин алга болж, өнөөдрийг хүртэл ямар нэг сураг чимээ гараагүй байна. Охидыг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.