ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Мөнхтүшиг: Дипломат ажилтан, жолоочийнхоо хамт Германд хоригдож байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-05

Өчигдрөөс эхлэн Герман улсын томоохон мэдээллийн хоёр ч сайтад Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин буюу хар зах дээр гурван сая еврогийн үнэ хүрэх мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлсэн тухай мэдээллийг Дрезден хотын Гаалийн Төв Газраас мэдээлсэн гэсэн эх сурвалжтай нийтэлсэн юм. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашин нэвтрэх явцад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь илэрсэн. Энэ хэрэгт холбогдуулан Германы тал Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан нэг дипломат ажилтанг жолоочийнх нь хамт саатууллаа.

Эдгээр иргэдийг саатуулсан. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа” гэлээ. Яагаад сар гаруйн өмнө болсон хэргийг энэ болтол нууцалсныг тодруулсан сэтгүүлчийн асуултад “Бид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байсан. Нуусан зүйл байхгүй. Хилийн чанад дахь монголчууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд 43 улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газраар дамжуулан мэдээлэл авдаг. Ар гэрийнхэнд нь мэдэгдээд явж байгаа. Консулын харилцааны конвенцийн дагуу тухайн улсад манай улсын Элчин сайдын яамны ажилтнуудыг саатуулсан тохиолдолд манай улсад мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу Берлин дэх Элчин сайдын яаманд мэдэгдээд бид мэдээллийг авсан.

Зөвхөн энэ хэрэг ч бус гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг олон нийтэд мэдээлж болдоггүй. Ар гэрийнхний хүсэлтээр нууцалдаг. Энэ хэрэг одоогоор шалгагдаад явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Консулын чиглэлээр арга хэмжээ авах талаар ажиллаж байна.

Нуун дарагдуулсан, санаатай, санаандгүй нууцалсан зүйл байхгүй. Ямар учраас Туркээс гараад Германд явж байсныг тодруулна. Тагнуулын байгууллага энэ хэрэгт холбоотой өөр Монгол иргэд байгаа эсэхийг тодруулж байна. Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө нь гарч байсан. Тухай бүр манай  яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн. Энэ хоёр хүн Дрезден хотод хоригдож байгаа. Хамгийн ихдээ тус улсын хуулиар 2-12 жилийн ял авах магадлалтай. Өнгөрсөн онд 1400 иргэн гэмт хэрэг үйлдсэн. Одоогоор 100 гаруй иргэн гадаадад ял эдэлж байна. Зөөвөрлөсөн хэргээр ял эдэлж байгаа" гэлээ.

Истанбул улсад суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сард эргүүлэн татсан бөгөөд дараагийн консулыг томилох асуудлыг тус улсаас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу шийдэх аж. Эдгээр иргэд хэн байсан тухайд олон янзын мэдээлэл гарч байна. Тухайлбал, тус машиныг жолоодож явсан жолооч нь Э.Мөнх-Очирын найз бөгөөд Истанбул улс руу явсан гэх мэдээлэл ч соошл орчинд цацагдаж байна. Мөн Цагдаагийн даргаар ажиллаж байсан иргэн болон Гадаад харилцааны салбарт ажиллаж буй эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд гэх мэдээлэл ч гарч байгаа юм.