ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тяньжины ложистикийн төвийн бүтээн байгуулалт наймдугаар сард эхэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар өнгөрсөн лхагва гарагт “Транзит Монгол-2019” форум боллоо. Энэ удаагийн форум “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой байсан юм. Форумд Орос болон Хятадын төлөөлөгчид оролцож, сонирхолтой мэдээллүүдийг өгсөн. Форумыг нээж “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа үг хэлсэн. Тэрбээр “Юуны өмнө би товчхон түүх өгүүлэхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор анх “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, бид анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж байсан бол өнөөдөр даруй 10 жилийн хугацаа өнгөрчээ.  2017 онд дахин Бээжин хотноо, 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо энэхүү “Транзит Монгол” форумыг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байлаа. Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хөрш орнуудын үзүүлж байгаа дэмжлэг туслалцаанд талархаж байна. Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа чингэлгийн тоо 2018 онд 85097 ДФЭ тээвэрлэсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 40828 ДФЭ болоод байна. Энэ дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгааг харуулж байна” хэмээлээ. Түүнээс гадна, Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумд оролцогчдод илгээлт илгээж, амжилт хүссэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ болон, БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөл ч үг хэлж, амжилт хүслээ.  “Транзит Монгол” форум өмнөх хоёр удаа хойд, өмнөд хоёр хөршид болж байсан. Тэгвэл энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болсон нь энэ юм. Жил дараалан энэхүү форумыг зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын нутгаар дамжин тээвэрлэгдэх ачааны хэмжээ өсөж, нэн ялангуяа манай улсын нутгаар дамжих өнгөрөх Ази-Европын хоорондох чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг байсан бол  2017 онд 556, 2018 онд 855 галт тэрэг болж нэмэгджээ. Харин 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг чингэлэг тээвэр явж, Европоос Ази чиглэлд 210, Азиас Европ руу 187 галт тэрэг аялжээ. Өнгөрсөн онд Москва хотноо болсон бөгөөд үүний үр дүнд “Улаанбаатар төмөр зам”-ын транзит тээврийн хэмжээ 3.37 сая тонн болж өссөн үзүүлэлтэй байгаа талаар албан хүмүүс мэдээллээ.  Форумын эхэнд  Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь, түншүүдийн хамтын ажиллагаа сэдвийн дор албаны хүмүүс тус тусдаа илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тодруулбал, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Милостных, ОХУ-ын “МосГипро Транс” нээлттэй нийгэмлэгийн Ерөнхий захирал И.В.Мицук, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нар тус бүртээ илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.  Тэдний тавьсан илтгэлүүдийн заримыг точвлон хүргэж байна.

Л.Халтар:  Төмөр замын хоёр дахь үеийн хөгжлийн эхлэлийг тавилаа

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас болон Засгийн газар, УИХ-аас тээврийн салбарын бодлогын бичиг баримтыг хангалттай гаргасан. Одоо бидэнд үүнийгээ ажил болгож хэрэгжүүлэх. Хэрэгжүүлэх явцдаа хоёр орны төмөр зам, тээврийн байгууллагуудтай бодлогоо нэгтгэж, хамтран хөгжих ажил л үлдсэн гэж бодож байна. Зам, тээврийн салбар хөгжлийн бодлогоо гурван зүйлээр тодорхойлсон. Нэгдүгээрт, бүс нутаг болон улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, үр ашигтай, найдвартай, аюул осолгүй, байгаль орчинд ээлтэй зам,  тээврийн сүлжээг хөгжүүлэх. Хоёрдугаарт, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, харилцан уялдаа бүхий тээврийн өндөр ашигтай, тогвортой нэгдсэн үйлчилгээ бий болгох. Гуравдугаарт, Ази тив, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий Евро-Азийг холбосон транзит тээвэр, тээвэр зуучийн үйлчилгээг бий болгох замаар зам, тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоно гэж тодорхойлсон. Төмөр замын тээврийн салбарын хувьд 2010 онд УИХ-аас төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг гаргасан. Үндсэн гурван чиглэлийг түшиглэж хөгжинө. Үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх. Төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх. Төмөр замын дамжин өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх гурван үндсэн чиглэлтэй. Энэ хүрээнд гурван үе шаттайгаар 6600 км төмөр замыг барихаар болсон. Энэ ажил 2019 он буюу “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж эхэлж байна. Хоёр дахь үеийн төмөр замын хөгжил эхэллээ гэж онцолж хэлж болохоор.  Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачаа, тэр дундаа транзит тээврийн хэмжээ өсч байгаад сэтгэл хангалуун байна. 2018 онд 3.3 сая тонн ачаа тээвэрлүүлсэн нь 2015 онтой харьцуулахад, 60 хувиар өссөн. 3-4 жилийн дотор 60 хувиар өснө гэдэг цаашид илүү өсөх боломжтойг харууллаа. Цаашид бид хөрш орны төмөр замынхантайгаа нягт хамтран ажиллах шаардлага бидэнд байна. Засгийн газраас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихаар болсон. Цаашлаад Ханги-Мандалын чиглэлийн төмөр замыг барих ажлыг судалж, Оросын талын хувь нийлүүлэгчтэйгээ санхүүгийн асуудлыг шийдэх чиглэлийг УБТЗ-ын удирдлагуудад өгсөн. Удахгүй шийдэл гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Авто тээврийн салбарт бид цөөнгүй ажлыг хийсэн. Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх Ази, Европыг холбосон АН3 авто замын сүлжээг дайруулж,  2016 онд ОХУ-ын Улаан-Үдээс Хятадын Тяньжин хот хүртэл авто замын туршилтын тээврийг гурван тал амжилттай зохион байгуулсан. Ийм боломж байгааг бид харсан. Тиймээс авто тээврийг ашиглаж, транзит тээвэр хийх боломжийг ашиглах шаардлага бидэнд байна. Босоо тэнхлэгийн АН3 авто замын хувьд дутагдалтай тал байсан. Түүнийгээ ч тооцож, хязгаардлагдмал хэсгүүдийг дөрвөн урсгалтай болгох ажлыг энэ жил эхлүүлсэн. Эхний ээлжинд Улаанбаатараас Дархан чиглэлийн 204 км замын ажил эхэлж, 2020 оны зургадугаар сар гэхэд энэ чиглэлийн зам дөрвөн урсгалтай болно. Нэвтрүүлэх чадвар хоёр дахин өснө.  Энэ зам Улаанбаатарыг дайраад, Налайх руу чиглэнэ. Налайх чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгох ажил эхэлсэн. Энэ оны арваннэгдүгээр сард дуусна.  Дараа нь гурван үе шаттай ажил хийнэ. Тодруулбал, Дарханаас Алтанбулагийн чиглэлийн замыг сайжруулах, цаашлаад дөрвөн урсгалтай болгох. Мөн Налайхаас Чойр, Сайншанд, цаашаагаа Замын-Үүд хүртэлх замыг засч, сайжруулах юм. Мөн баруун босоо тэнхлэгийн АН4 зам энэ онд ашиглалтад орж, Олон улсад зарлахад бэлэн болно. Баян-Өлгий аймгаас цааш ОХУ руу гардаг хэсэгт 25 км замыг барьж дуусгавал энэ чиглэлийн авто зам Орос, Хятадыг холбосон баруун бүсийн босоо тэнхлэгийг зам болох юм. 

 Д.Жигжиднямаа:  Зүүнбаян-Ханги чиглэлийн хилийн шинэ гарц нээх шаардлагатай байна

“Улаанбатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга

-Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулсан “Транзит Монгол” форумын үр дүнд “Улаанбаатар төмөр зам”-ын үйл ажиллагаа 2018 онд оргил амжилтад хүрсэн. Нийгэмлэгийн үйлдвэрлэлийн ашигт ажиллагааг гэрчлэх гол үзүүлэлт нь ачаа тээврийн осолт. УБТЗ тайлант хугацаанд тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж, нийтдээ 25.8 сая тонноор шинэчлэн тогтоож, ачаа эргэлтийг өмнө оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар өсөж, 15.3 тэрбум тонн километрт хүрсэн. Өмнөх оны үзүүлэлтээс хоногийн ачилт 8.6 хувиар нэмэгдэж, 81.1 мянган тоннд хүрч, 2018 онд нийт ачаа ачилт 12.8 хувиас өссөн. Дамжин өнгөрөх ачаа нэмэгдсэн. Манай улсын нутгаар дамжин өнгөрч буй Ази, Европын чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэж, чингэлгийн галт тэрэгний тоо 855-д хүрсэн нь шинэ дээд амжилт юм. Энэ жил Улаанбаатар хотноо “Транзит Монгол” форумыг зохион байгуулж буйн гол зорилго нь Ази, Европыг холбосон тээврийн системд Монгол Улс хямд, чанартай транзит тээврийн үйлчилгээг үзүүлэх боломжийг танилцуулахад оршиж байгаа юм. УБТЗ-ын төв коридорын суурь бүтцийн хэсгийг хөгжүүлэх талаар нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн ажлуудаа эхэллээ. Ингэснээр олон улсын тээврийн коридорын чадамжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна. Гэвч техникийн шинж чанартай бэрхшээлүүд байгаа. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн чиглэлийн өргөн царигаар хоногт дамжуулж байгаа галт тэрэгний тоо 12 байгаа нь тээвэрлэлтийн захиалгын 50-60 хувийг л хангаж байна. Энэ нь ганцхан УБТЗ-ын асуудал биш болсон. Энэхүү хүндрэлийг бид хамтран шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. УБИЗ-ын талаас Замын-Үүд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шинэ ложистикийн төвийг нээж, ажиллуулахаар боллоо. Нарийн царигийн өртөөнд шинээр хоёр зам нэмж барьж байна. Замын-Үүд өртөөний замуудыг нэмэх ажлыг эхэлсэн. Хятадын Төмөр замын талаас Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг нааштайгаар хүлээж авч, ажиллаж байгаад талархаж байна. Уул уурхайн чиглэлийн  ачаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замын хилийн шинэ гарц нээх нэн шаардлагатай болсон. Шинэ гарц нээснээр шаардлагатай байгаа тээврийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.

Б.Цэнгэл: Тяньжин боомтод барих “Тээвэр ложистикийн төв”-ийн ажил наймдугаар сараас эхэлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

-ЗТХЯ, МТЗ ТӨХК-иас хэрэгжүүлж байгаа нэг чухал төсөл бол Тээвэр ложистикийн төвийн төсөл юм. Энэ төслийг БНХАУ-ын Тяньжин хотын эдийн засгийн чөлөөт бүсэд “Тяньжин порт” групптэй хамтарч хэрэгжүүлж байгаа. 2018 оны хоёрдугаар сард ЗТХ-ийн сайд БНХАУ-ын Тээврийн сайдын урилгаар ажлын айлчлал хийсэн. Энэ айлчлалын хүрээнд Тяньжин хотын Ардын Засгийн газрын даргатай уулзалт хийсэн юм. Энэ уулзалтаар 2009 онд байгуулсан “Тээвэр ложистизийн төв” байгуулах санамж бичгийн агуулгыг  БНХАУ-д хэрэгжиж байгаа “Бүс ба зам”, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулж, шинэчлэх нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн. Үүний дагуу хоёр талдаа ажлын хэсэг гаргаж, 2018 оны тавдугаар сард санамж бичгийг амжилттай шинэчлэн байгуулсан. Санамж бичгийн агуулга баяжиж, “Тээвэр ложистикийн төв”-ийг Тяньжинд байгуулахын хажуугаар аялал жуулчлал, дамжин өнгөрөх авто тээврийг хөгжүүлэх боломжтой болсон. Улаанбаатар-Тяньжин чиглэлийн шууд нислэгтэй болох боломж нөхцлийг судлахаар болох зэргээр агуулга баяжсан. Үүний дараа 2018 оны намар Тяньжин хотын намын хорооны дарга, Хятадын Комунист намын улс төрийн товчооны гишүүн Монголд айлчилсан. Энэ айлчлалын үеэр Тяньжин төслийг яаралтай хэрэгжүүлэх асуудлыг ярьсан. Ингээд дөрвөн тал оролцсон ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Ажлын хэсгийн наймдугаар хуралдаан 2018 оны намар бас болсон. Энэ хурлаар Тяньжин төслийг хэрэгжүүлэхээр анх хэлэлцэж байх үед  Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй нөхцлүүдийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Тиймдээ ч энэ хурал маш их ач холбогдолтой болсон. Хурлын үр дүнг бататгаж, ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Хамтран ажиллах ерөнхий суурь зарчмаа тохирч чадсан. Улмаар Тяньжины талтай хамтарсан компани байгуулах чиглэлээр 4, 5 сар ажилласан. Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 26-ны өдөр МТЗ компанийн гүйцэтгэх захирал Тяньжин хотод очиж, “Тяньжин порт” группын ерөнхийлөгчтэй хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ийнхүү энэ төсөл хэрэгжих нь тодорхой боллоо. Ингэснээр Тяньжин хотын эдийн засгийн чөлөөт бүсэд олгосон 10 га газарт бүтээн байгуулалтын ажлыг энэ оны наймдугаар сараас эхлэн хийхээр боллоо. Бүтээн байгуулалтын ажил жил гаруйн хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа бид “Тээвэр ложистикийн төв”-ийг хүлээж аваад, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр маш шахуу хөтөлбөртэй ажиллаж байна. Энэ төслийн зорилго нь Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон оновчтой сүлжээг бий болгох. Гаалийн баталгаат агуулах, олон улсын транзит тээвэр, үйлдвэрлэл, гаалийн хяналтын үйлчилгээг эрхлэн Тяньжин боомтод байрлах Монгол Улсын транзит бараа эргэлтийн төв цэг болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх. Экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, ложистикийн өртгийг бууруулах, барааны эргэлтийг хурдасгах. Монгол Улсын худалдааны платформ болохын хувьд ОХУ болон Тяньжины худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа аж. Урьдчилсан тооцооллоор жилд 90 мянган тонн бараа тээвэрлэх, хадгалах хүчинтэй чадалтай байх юм байна. Мөн жилдээ 22.8 мянган мянган автомашины задгай талбайд агуулах, 80 мянган ширхэг 20 тоннын стандарт чингэлгийн үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ.  Тяньжин боомт эдийн засгийн хүчин чадал, ачаа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд дөрөв, Азид гуравдугаар байрт ордог. Үндсэн таван том боомтоос бүрддэг.  2018 онд нийтдээ 508 сая ачаа, 16 сая чингэлэг нэвтрүүлсэн тоо баримт байна. Тяньжин боомтоор бид автомашин, хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг бараа, бүтээгдэхүүнийг дамжуулж импортоор авч болно. Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн тэргүүтэй бараа экспортолж, гаргах бололцоотой. 10 га талбай терминал, ложистикийн хэсгээс бүрдэнэ. Терминалын хэсэгт чингэлэг ачиж буулгах 25954 м/кв талбай 18223 м/кв бүхий хөргүүрийн болон бусад агуулахтай, 8654 м/кв талбай бүхий үйлдвэрийн байртай байх юм. Эхний ээлжинд бид ийм төрлийн үйл ажиллагааг явуулах зорилготойгоор хөрөнгө оруулалтыг хийж, барилга байгууламжийг барина. Хөрөнгө оруулалтын хувьд их том төсөл биш. Харин ач холбогдолын хувьд өндөр ач холбогдолтой.  Хамгийн сүүлд тодотгосон ТЭЗҮ-ээр бид 34 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулахаар төлөвлөсөн.  Энэ 10 га газар бол Монгол Улсыг далайд гарцтай болох чиглэлд үзүүлж буй маш том дэмжлэг. Энэ утгаараа улс төрийн ач холбогдол өгч, Монголд нэр хөнгөлөлттэй нөхцлийг үзүүлж байгаа. Энэ төслийн хөрөнгө орлуулалтаа нөхөх хугацааг 11.5 жил гэж тооцож байна. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг наашлуулах боломжтой. Тяньжин хотын эдийн засгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжид тодорхой татварын хөнгөлөлт үзүүлдэг. Бидэнд үзүүлэх 12 хөнгөлөлт бий. Худалдаа эрхлэгчдэд хэрэгтэй. Тухайлбал, бараа материалын нийлүүлэлт, баглаа боодлын үйл ажиллагаа явуулбал эхний хоёр жилд татвараас 100. 3-5 дахь жилд 50 хувь чөлөөлнө. Ашиг олсон жилээс эхлэн эхний хоёр жил аж ахуйн нэгжийн татвараас 100. 3-5 дахь жилд 50 хувь чөлөөлөх юм. Гэх мэт 12 хөнгөлөлт бий. Бид энэ хөнгөлөлтөөс гадна, өөр олон асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн. Хятадын тал өөр ямар хөнгөлөлт, чөлөөлөлт байх боломжтой вэ гэдгийг судалъя гэж хэлсэн.  Бид энэ 10 га газарт зөвхөн тээвэрлэлт хийхгүй. Монголын нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. “Ложистикийн төв” Монголын аж ахуйн нэгжид давуу байдлыг бий болгож өгнө.