ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд хар тамхины хэргийг илрүүлсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-06

Энэ сарын 04-ны өдөр ХБНГУ-ын мэдээллийн томоохон хоёр сайт болох www.bild.de, www.radiodresden.de сайтад Монгол Улсын хоёр дипломат ажилтан, Турк улсын дугаартай “Мерседес бенз” маркийн саарал өнгийн машинд их хэмжээний буюу 70 кг геройн буюу мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан тухай мэдээлэл гарлаа. Уг мэдээдэлд “Германы Дрезден хотын 17А хурдны зам дээр машиныг цагдаагийн албан хаагчид саатуулсан бөгөөд бичиг баримт, мөн тээшээ шалгуулахыг шаардсан аж. Гэсэн ч хоёр этгээд өмнөөс нь Монгол Улсын дипломат ажилтнууд хэмээн ногоон паспортоо үзүүлж, шалгуулахаас татгалзжээ. 

Гэвч дипломат статус нь зөвхөн Турк улсын нутаг дэвсгэрт хүчинтэй, харин Герман улсын тухайд хүчингүй учраас цагдаагийн албан хаагчид тэднийг саатуулж машиныг нь нэгжихэд хоёр цүнхтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэж явсан нь илэрчээ. Эдгээр хоёр иргэний тээвэрлэж явсан 70 кг геройн нь тус улсын хар захад гурван сая еврогийн үнэ хүрнэ. Улмаар Дрезден хотын дүүргийн шүүх хоёр этгээдийг саатуулж, прокурорын шийдвэр гаргуулах болсон хэмээн Гаалийн төлөөлөгч Франк Шрертер мэдэгдлээ” гэсэн мэдээллийг оруулсан байсан юм. Хэрэг тавдугаар сарын 03-нд гарсан бөгөөд яагаад энэ хүртэл Гадаад харилцааны яам нууцалж байсан, энэ хэрэгт ямар ажилтан холбогдов гэдэг нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв. 

Л.Мөнхтүшиг: Гадаад харилцааны яам мэдээллийг нууцлаагүй 

Тэгвэл өчигдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Туркийн Истанбул улсын консулын ажилтан, жолоочийн хамт геройн төрлийн 70 кг мансууруулах төрлийн бодис илэрсэн. Энэ мэдээллийг тээвэрлэсэн нь авсан даруйдаа холбогдох арга хэмжээг авсан.

Тавдугаар сарын 3-нд хэрэг явдал болсон. Гадаад харилцааны яам мэдээллийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа монгол иргэдтэй холбоотой мэдээллийг бид Консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгддэг. Суугаа улс нь Элчин сайдын яаманд мэдэгддэг.  Энэ хэрэг шалгагдаж байна. Хувь хүний нууцыг хамгаалах асуудал ч байдаг. Суугаа орны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Консулын асуудал болдог.

Консулын чиглэлээр ажиллаж байна. Цаанаа монгол иргэд холбоотой эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна” гэлээ. Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очирын орны томилгоог хийхгүй удсанаас энэ мэт хариуцлаггүй асуудал хөндөгдсөн үү гэдгийг түүнээс тод­руу­лахад “Өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газраас шийдвэр гаргаад эгүүлж татсан. Дараагийн хүнийг томилох асуудлыг тухайн улсаас зөвшөөрөл аваад томилдог” гэлээ. Эдгээр иргэдийн тээвэрлэж явсан хар тамхи Монголбанкны ханшаар тооцвол монгол мөнгөөр есөн тэрбум төгрөгийн үнэд хүрэх юм байна. Мөнхүү эдгээр иргэдийг Германы Дрезден хотод саатуулсан бөгөөд хар тамхины хэрэгт 2-15 жилийн ял төлөвлөдөг аж. 

Хар тамхи зөөвөрлөсөн этгээдүүд хэн байв 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнх­түшиг “Хэрэгт хол­богд­сон Консулын ажил­тан нь өмнө нь ОХУ-д Консулын ажилтан байсан” гэхээс илүү дэлгэрэнгүй мэдээ­лэл өгөө­гүй. Тэгвэл эх сур­вал­жийн хэлж буйгаар Улсын дээд шүү­хэд шүүгчээр ажиллаж бай­гаад тэтгэвэрт гарсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүү Б.Бат­түшиг гэгч байсан бөгөөд Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан нэгэн аж. Харин жолоочийн тухайд мэдээлэл тодорхой бус байсан. 

Тэгвэл “Мерседес бенз” машиныг барьж явсан хүн зөвхөн албан үүргээ гүйцэтгэж, даргадаа үйлчилж явсан жолооч бололтой. Тэрбээр, гадаад харилцаа болон дипломат албаны жолооч гэх хариуцлагатай албан тушаалд 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ. Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд хэд, хэдэн Засгийн газар солигдсон ч сайд болон Элчин сайдын жолоочоор ажиллаж байсан гэмгүй албан хаагч, консулын ажилтны хөлд чирэгдэв үү гэх асуудлыг ч шалгаж эхлээд байгаа юм. Мөн машин түүний эзэмшлийнх байжээ.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар энэ нь санамсаргүй баригдсан асуудал биш бөгөөд Монгол Улсын Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаа оролцсон байж магадгүй юм байна. Учир нь Монгол Улсын иргэд болон дипломат албаны ажилчид өмнө нь үнэтэй үнэтэй брэндийн янжуур тамхи хил дамнуулан тээвэрлэдэг, зөөдөг, үүгээр наймаа хийдэг асуудал гарч байсан.

Үүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар арилгах чиглэлээр ажилласан бөгөөд дипломат шуудан гэх хатуу хяналт тогтоох үүрэг өгч байсан билээ. Энэ ажил үр дүнд хүрсний дараа Европын холбооны улсад суугаа Консулын ажилчид болон тус улсад амьдардаг иргэд хар тамхины асуудалд холбогдсон байж магадгүй гэх мэдээлэл ч ирэх болсон аж. Тиймээс өнгөрөгч оны нэгдүгээр сард тэрбээр Тагнуулын байгууллагад хүсэлт гаргаж, энэ талаар хяналт тавьж өгөхийг хүссэн байна. Үүний дагуу Тагнуулын байгууллага Европын холбоотой хамтран хяналт шалгалтыг эрчимжлүүлээд байсан бөгөөд үүний үр дүнд ч энэхүү ноцтой хэргийг илрүүлсэн бололтой. 

Дипломат албаар дамжуулан тамхины наймаа хийх асуудал өмнө нь гарч байлаа 

Тээвэрлэж явсан хар тамхины, түүний мөнгөн дүнг тооцвол энэ бол маш ноцтой хэрэг. Тэр тусмаа улс орныхоо нэрийг гадны улсад маш муухайгаар харуулсан үйл явдал болов. Ерөөс дипломат албанд мэргэжлийн бус улс төрийн шахааны хүмүүс очдог замбараагүй байдал бий болсноос хойш энэ салбарын олон ч ажилчид хар тамхины болон янжуур зөөсөн хэрэгт холбогдож байлаа.

Тухайлбал, 2000 оноос Монголын данстай тамхины сүлжээ хүртэл бүртгэгдэж байлаа. “Блэк Морган”-ынхан гэх энэ бүлгийн наймааны гол эзэн нь мөн л дипломат албан тушаалтан Д.Ш байсан бөгөөд дипломат дугаарын машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад, 2005 оны гуравдугаар сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдаж байжээ. 23 сая ам.долларын хар тамхины хэргийг Болгарын хуулийнхан таван сарын турш мөрдөж, үйлдэл дээр нь баривчилж байжээ. Мөн Монголын нэгэн дипломат албаны ажилтны гэргий тамхины сүлжээг толгойлж, Вьетнам хамтрагчдынхаа хамт 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байсан гэх мэдээлэл гарч байлаа.

Тэгвэл 2016 оны зургадугаар сарын 21-нд Украйн-Румыны хилийн Дьяково боомтын хилийн шалганаар их хэмжээний тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан иргэн Д.Дөхөмбаярын тухай тус улсын боомтын Хилийн шалганы албанаас мэдээлж байв.  Монгол Улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий машинаар найман хайрцаг бүхий нийт 29145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан байдаг. Д.Дөхөмбаяр нь Будапешт дахь ЭСЯ-д нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан хүн бөгөөд 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан байдаг. Мөнхүү 2017 онд О.Лхагвацэрэн гэх этгээд мөн л дипломат албаны ногоон паспорт ашиглан тамхи тээвэрлэж яваад баригдсан ч Элчин сайдын яамны ажилтан биш байсан билээ.