ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Мурат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байна.

Энэ удаагийн уулзалт БНХАУ-ын Чиндао хотноо өндөр зохион байгуулалт дор болж буй гэдгээрээ онцлогтой. Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан яваа албаны хүмүүсийн хамт өнөөдөр тус хотод очсон юм.

Айлчлалын хугацаа хэдийгээр давчуу ч тэр тун олон зочидтой уулзахаар товложээ. Тэрбээр, хамгийн эхэнд Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлж, хоёр талт уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд манай улс далайд гарцгүй, цөөн хүн амтай, хоёр том хөршийн дунд оршдог онцлогтой улс хэмээн улсынхаа талаар танилцуулаад тус улстай боломжит бүхий л салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Манай улс ОХУ болон Европ гэсэн хоёр том зах зээлийн дунд оршдог учраас “аваргуудын” дунд оршдог энэ байдлаа давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Манайд Монгол Улс шиг байгалийн баялаг байхгүй. Бид үйлдвэрлэгч орон. Та бүхэнтэйгээ энэ талын туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мөн Монгол тамирчдын дайчин чанараас манай тамирчид суралцахыг хүсдэг” гээд хоёр улсын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх гэх мэтээр спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа талаараа дурдав.

Мөн хоёр орны Төрийн тэргүүн ШХАБ-ын асуудлаар санал солилцов. Лукашенко “Монгол Улс их урт хугацаанд ажиглагч байсан, ийм хашир байх нь зөв. Манай улсын хувьд ажиглагчаар ороод удаагүй байна. Гэхдээ миний бодлоор Монгол Улс ШХАБ-д элслээ гэхэд алдах юм байхгүй, харин ч эдийн засгийн хувьд авах юм их байгаа” гэлээ.

Хоёр улс цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар төрийн тэргүүн нар дэлгэрэнгүй ярилцав.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урьсан юм.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга БНБУ-ын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенког Монгол Улсад айлчлахыг урилаа.

А.Г.Лукашенко нь 1954 онд ЗСБНБУ-д төрсөн бөгөөд Могилевийн нэрэмжит Багшийн дээд сургууль төгсчээ. Харин Беларусь улсын Ерөнхийлөгчөөр тасралтгүй дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Беларусь улс нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн таван улсын нэг бөгөөд манай улс тус холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар зорьж байгаа билээ. Мөн Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзахаар товлоод байгаа юм.

Харин яг одоо мөнхийн гурван хөрш улс болох Монгол, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүнүүд гурван талт уулзалт хийж байна. Гурван талт уулзалтаар энэ удаад олон жил яригдсан Эдийн засгийн коридор байгуулах төслийн ажлын хэсгийн боловсруулсан саналыг хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаа билээ. Уулзалтын үр дүнг эргэн мэдээлнэ.