ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Налайхын замын ажил 20 хувьтай байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-08

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр үдээс хойш  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ажлын явцтай танилцав. Уг төсөл нь өнгөрөгч дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 30 гэхэд хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 20 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Автозам, нийтийн тээвэр хариуцсан орлогч дарга хэлэв. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. 

Төслийн хүрээнд 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20.9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх юм. Төслийн хүрээнд 20.9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм.