ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Газрын тос, байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах саналыг дэмжинэ гэж итгэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-09

Өмнөд хөршийн Шаньдүн мужийн Чиндао хотноо амжилттай үргэлжилж буй Шанхайн хамтын ажиллагааны \ШХАБ\ байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн XVIII уулзалтад манай улсаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газрын хоёр сайд болон албаны бусад хүмүүсийн хамт оролцож байгаа билээ.

Тэрбээр, өнөөдөр Чиндао хотноо ирсэн ч хэд хэдэн чухал уулзалтыг хийлээ. Тухайлбал, Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзаж хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан бие биедээ айлчлах болон хоёр улсын тамирчид харилцан туршлага солилцох асуудлаар санал солилцсон бол дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, мөн л хоёр улсын харилцаанд шинэ шат болсон хамтын ажиллагааны ажлаа дүгнэсэн юм.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтай уулзах үедээ Владивосток хотноо уулзаж тохирсны дагуу энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон “Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болсныг онцлон дурьдсан юм. Мөн энэ үеэр 25 жил яригдсан ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх манай улсын транзит ачаанд хөнгөлөлт үзүүлэх албан ёсны гэрээ хэлцэл, Монгол Улсын эдийн засагт өндөр үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна гэдгээ В.Путин онцлов. Түүнчлэн хоёр улсын тухайд найрамдалт хамтын ажиллагааны бичгийг тодорхой хугацаанд сунгаж байсныг Ерөнхийлөгчийн зүгээс хугацаагүй болгох санал тавьсан юм. В.Путины зүгээс ч энэ саналыг дэмжиж байлаа. ОХУ-ын Эрхүү мужийн захирагч Ерөнхийлөгчид Монголын газар нутгаар таван хоолойг тавих талаар санал тавьж байжээ. Үүнийг ч ажил хэрэг болгох боломжтой, мөн газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулах асуудлыг дэмжинэ гэдгээ ОХУ-ын Төрийн тэргүүн хэлж байв. 

Хоёр улсын Ерөнхийлөгч ирэх жил тохиох Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг ч өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэхээр санал нэгдсэн юм. Энэхүү хоёр талт уулзалтын дараа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд гурван талт уулзалтыг хийсэн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдэд хандаж үг хэллээ. Тэд ч Төрийн тэргүүний үгийг тун ч анхааралтай сонслоо. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хоёр жилийн хугацаанд яригдаж буй “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгох цаг болсон гэж үзэж буйгаа онцлов.

Тэрбээр, “Гурван талын үзэглэсэн “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай. Хамтарсан механизм бий болж байж гурван талын хооронд уулзалт, мэдээлэл солилцоо идэвхжиж, хэрэгжих явцыг түргэтгэх юм.

Нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүд, тухайлбал Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгохын төлөө илүү их идэвх чармайлт гаргахыг уриалж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлд хурдны авто зам барихад гурван улсын Засгийн газрын оролцоог шууд, тэгш хэлбэрээр хангаж, төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж бүтээн байгуулалтыг ойрын үед эхлүүлэх саналыг миний бие дэвшүүлж байна.

Гурван талын оролцооны хувь, санхүүжилтийн хэлбэр зэргийг гурван улсын Зам, тээврийн яамд хэлэлцэн тохиролцох боломжтой” гэв. Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх, аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, тэндээс хамтдаа хожих болон манай улсаас удаа дараа тавьж буй ОХУ, БНХАУ-ыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг хоёр тал хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байгаагаа онцоллоо. Ерөнхийлөгчийн саналыг ч хоёр улсын төрийн тэргүүн талархалтай хүлээж авсан юм.

Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Бид өмнө нь гурван удаа уулзсан. Харин энэ удаад Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчтэй дөрөвдэх удаагаа уулзаж байна. Шинэ цикль эргэж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч маш ажил хэрэгч, тун анхаарал татахуйц санал тавилаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгох талаас нь анхаарч ажиллана. Дараагийн уулзалт Киргизэд болоход олон ажил эхлэлээ тавьсан байх болов уу" гэсэн юм.

Ерөнхийлөгч маргааш өнгөрөгч онд ШХАБ-ын гишүүнээр элссэн Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди болон Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтэй уулзах юм. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийнэ.

Дашрамд дурьдахад Ази-Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ыг нэгэн чухал суваг гэж үзсэн учраас Монгол Улс 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болж байжээ. Үүнээс хойш хэд хэдэн арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож ирсэн аж. ШХАБ нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт ч анхаарч эхэлсэн, улмаар гишүүн орнуудынхаа хөгжлийг дэмжсэн, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг ч амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

Тус уулзалт нь Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс нэгдэн орсноос хойшхи анхны уулзалт болж буй юм. Тиймдээ ч энэ удаагийн уулзалтад Энэтхэг улсын байр суурь тун ч чухал байна. XVIII дугаар уулзалтаар гишүүн орнууд аялал жуулчлалыг хөгжүүлэх 2019-2020 хамтарсан тайланд гарын үсэг зурна. Мөн маргааш ойрын жилүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурах нь гэсэн хүлээлттэй байна.