ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сарангэрэл: “Улаан тариа-2” арга хэмжээг улс орон даяар эхлүүлнэ

O.Admin
2019-06-09

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн БЗХӨ тэр дундаа тэмбүү өвчинтэй “дайн” зарлаж байгаа аж.

Бэлгийн замаар халдах нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байсан бөгөөд жилд 50-55 төрөлхийн тэмбүүтэй тохиолдол илэрч байгаа учраас энэ өвчинтэй салбар яам тууштай тэмцэхээс аргагүй болжээ. Энэ талаар Д.Сарангэрэл сайд хэлэхдээ “1990 оноос өмнө хүн амынхаа 95.5 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмнэж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр удаа УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүү өвчнөөр мэдээлэл хийж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Хоёр Ерөнхийлөгчийн үед яригдаж, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж байгаа энэ асуудал яриа төдий байдлаас хэтрээгүй.

Л.Гүндалай сайдын үед мөн БЗХӨ-тэй тэмцэнэ гэж бэлгэвч тараах ажлыг эхлүүлж байсан. Тэрнээс хойш нэг ч ажил хийгдээгүй. Одоо ярианаас ажил хэрэг рүү шилжих хэрэгтэй байна. Бид энэ өвчинтэй дайн зарлаж буйгаа мэдэгдэж байна. Энэ бүхний эсрэг үйл ажиллагаа төрийн бодлогын түвшинд явах ёстой гэж Сайдын зөвлөл болон Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд үзсэн. Төрийн бодлогын хэмжээнд гурван өвчнийг анхаарч буйг та бүхэн мэдэж байгаа. Сүрьеэ, элэг, хавдар. Сүрьеэгийн тухайд 2018 онд сайдын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар, тэр дундаа ЕБС-иудад хийх ёстой гэж Эрүүл мэндийн сайдад хэлсэн юм. Тийм учраас бид 2018 оноос сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг орон даяар явуулж байна” гэлээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэхэд л өнгөрөгч онд 43 тэмбүү өвчнөөр өвдсөн жирэмсэн эх хандсан бол энэ оны байдлаар 13 тохиолдол бүртгэгдээд байгаа  аж.

Харин энэ өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний тавдугаар сард бүртгэгдсэн 29 тохиолдлын нэг хувь нь нас барж, амьгүй төржээ.