ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Улаан: Манай эхнэрийн дүү орон тооны бус зөвлөх

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өөрийн эхнэрийн дүүгийн компаниар бог малыг амьдаар нь гаргахаар болж, энэ тухай яриа хэлэлцээрийг БНХАУ-д ажлын айлчлал хийхдээ яриад ирсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Монголын хүнсний холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын өлөн гэдэс экспортлогчдын холбооноос хамтран хэвлэлийн хурал хийж, дотоодын үйлдвэрлэлээ татан унагаж, дампууруулах гэсэн бодлого явж байна гэж мэдэгдсэн. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй энэ үйлдлийг нь шалгуулахаар АТГ-т хандаж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийх үедээ энэ асуудалд тайлбар өгөв. "Таны эхнэрийн дүүгийн компани яагаад мал амьдаар нь гаргах ажлыг эрхэлж байгаа, энэ нь ашиг сонирхлын зөрчил болохгүй юу" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “БНХАУ-д албан ёсны ажлын айлчлал хийсэн нь үнэн.

Гэхдээ тэнд мал амьдаар гаргах тухай нэг ч асуудал яригдаагүй. Үүнийг хариуцлагатай хэлж байгаа. Хэвлэл мэдээллийн төлөөлөл ч энэ талаар мэдээлэл өгсөн байх. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайг энэ жил экспортод гаргах боломжийг бүрдүүлэх, хил гаалийн үнэлгээ шинжилгээ, харилцан протколыг түргэвчлэх талаар ярьсан. Засгийн газрын 318 дугаар тогтоол гараад хэрэгжиж байгаа. Энд малыг амьдаар нь гаргах, тэр дундаа үржлийн бус эр хонь, ямааг гаргаж болох талаар чиглэл өгсөн байдаг. Аймгуудын удирдлагуудад өгсөн. Гэхдээ нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгасан. Энд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Шалгуулахад бэлэн эсэх нь ямар ч хамаагүй. Хууль дүрмийн хүрээнд ажиллаж байгаа.

Хоёр талын хөрөнгө оруулалттай компани хамтраад үйл ажиллагаа явуулах байлгүй дээ. Шийдвэрийг нь Дорноговь аймаг гаргана шүү дээ. Тэр аймгаас зөвшөөрөл өгнө. Миний нөлөөлөл огт байхгүй. Надаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан” гэв.

Харин яаманд өөрийнх нь эхнэрийн дүү зөвлөхөөр нь ажиллаж байгаа асуудалд хариулт өгөхдөө “Тэр чинь орон тооны бус зөвлөх. Намайг УИХ-ын гишүүн байхад зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Бид хамтраад бараг 20 жил ажиллаж байна. Их хурал дээр байж байгаа зөвлөх минь надад Их хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа уялдаа холбоотой явуулах чиглэлд зөвлөгөө өгдөг. Их хурлын тамгын газрын ажилтан хүн шүү” гэлээ. Харин нэг дүү нь компаниа байгуулсныг надаас өмнө байгуулчихсан байсан гэдэг тайлбар өгсөн юм.