ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Авто-Ойл”, “Моннис моторс” компаниудад тохирлын гэрчилгээ олгожээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-14

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа “Авто-Ойл”, “Моннис моторс” ХХК-ийн үйл ажиллагаанд тус төвөөс үнэлгээ хийж өчигдөр “Тохирлын гэрчилгээ” олголоо.

Тус арга хэмжээний үеэр АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Чанарын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр шат дараатай үйл ажиллагаа явуулж буйн нэг нь Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох үйл ажиллагаа юм. Үүний тулд авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн зүгээс иргэд, үйлчлүүлэгчдэд баталгаатай, найдвартай үйлчилгээ үзүүлдэгийг олон улсын стандарт, хэм хэмжээ, дүрэм журмын дагуу үнэлж, энэхүү тохирлын гэрчилгээг манай итгэмжлэгдсэн байгууллагаас олгож байна. Ингэснээр автотээврийн салбараас иргэд баталгаатай, найдвартай үйлчилгээг хүртэхээс гадна байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд хор хохирол багатай тээврийн үйлчилгээ үзүүлэх үндэс суурь бүрдэж байгаа юм” хэмээн онцоллоо. 

Энэхүү тохирлын гэрчилгээ нь Автотээврийн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нийцсэн ажил үйлчилгээг эдгээр байгууллагууд ханган ажиллаж байгааг нотлож байгаа аж. Улсын хэмжээнд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 400 гаруй байгууллагаас өнөөдрийн байдлаар 4 байгууллага өөрсдийн хүсэлтээр тохирлын үнэлгээ хийлгэж, ийнхүү тохирлын гэрчилгээгээ гардан аваад байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн оноос хойш автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Атибус” ХХК, автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний “Эрч гранд”, “Чингис групп” ХХК-иудын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тохирлын гэрчилгээ олгожээ. 

Тус үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг “Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй, баталгаатай байдал нь тохирлын үнэлгээнд хамрагдаж баталгаажсан байдлаар тодорхойлогдож байгаа тул автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагаар тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаажуулж байна. Бид зөвхөн нэг удаа тохирлын үнэлгээ хийж, гэрчилгээ олгоод зогсохгүй жил бүр магадлан үнэлгээ хяналт тавихаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч өгч ажилладаг” гэв.