ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Хөгжлийн “чөдөр”-ийг Үндсэн хуулийн өөрчлөлт тайлна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-16

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрч­лөлтийн төслийн нэг­дүгээр хэлэл­цүүл­гийг хийлээ. Хам­гийн сүүлд нэмэлт өөрч­лөлт оруулснаас хойш 19 жил болж байгаа тус хуульд эдү­гээ цаг үеийн өөрчлөлтөөс шалт­гаалан нэмэлт, өөрчлөлт оруу­лах зайлшгүй шаардлага тул­гар­сан гэдэгтэй гишүүд санал нэгдэж, үе үеийн парла­мент дамжин яригдаж ир­сэн нэмэлт, өөрч­лөл­тийн асууд­лыг шийд­вэр­лэхээр эхний хэлэл­цүүл­гээ хийв. 

Үндсэн хууль гэдэг тухайн улсын тусгаар тогтнол, хөгжлийн тулгуур багана байдаг. Энэ ч утгаараа уг асуудалд маш нухацтай, хариуцлагатай хандах ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр гишүүд онцолж байв. Тийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, Үндсэн хууль хэлэлцэх үед гишүүд найман минут үг хэлж, 10 минут санал хэлдэг байхаар шинэчилсэн билээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн энэ удаагийн төслийг боловсруулахдаа 2000 онд орсон долоон  нэмэлт, өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, тавыг нь засан сайжруулж тусгасан тухай  хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан онцолсон юм.

Тодруулбал, 
•УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах
•Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах
•Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах
•Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулжээ.

Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан нь тус хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг хамарч байгаа аж. Нэмэлт өөрчлөлтөөр, УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулж байгаа аж. Мөн сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хоригложээ.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотойгоор Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох хүний нэрийг УИХ-д санал болгож, Ерөнхий сайд харин Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар тусгасан байна. Мөн гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг огцруулах асуудалтай хамтад нь УИХ-ын чуулганаар оруулж ирдэг байх аж. Үүнийг нь УИХ 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэхээр тусгажээ. Хэрэв гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдыг огцруулбал, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор хуульчилжээ.

Хэлэл­цүүлгийн үеэр Ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудлыг зэрэг оруулж ирэх өөрчлөлт нь томилгоо тойрсон маргааныг цэгцэлж, цаг хугацаа хэмнэх давуу талтай хэмээн ихэнх гишүүн сайшаав. Мөн нэмэлт өөрчлөлтийн төслөөр Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын гишүүний албан тушаалыг давхар хашдаг байхаар хязгаарласан нь давхар дээлийн асуудлыг шийдэж байгааг гишүүд дэмжив. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхаарал татсан шинэчлэлийн нэг нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны асуудал юм. 

Нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгож, бүрэн эрхийн хугацааг  зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор тусгасан аж.  Харин шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах чиглэлээр мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр, анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулжээ. Мөн Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, 21 шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчилсөн байна. Энэ мэт анхаарал татсан өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан аж.

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын гишүүдийг УИХ нэг бүрчлэн томилдог байхыг өөрчлөх нь эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй гэдгийг Ц.Мөнх-Оргил тэргүүтэй зарим гишүүд онцолж, “УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах асуудлыг бүрэн шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг саналыг илэрхийлж байв. Тэгвэл ажлын хэсгийн зүгээс тайлбарлахдаа “Парламентын тогтолцоотой орны Ерөнхий сайд нарт байдаг жишгийн дагуу эрх мэдлийг олгохоор төсөлд тусгасан. Үүнтэй зэрэгцээд, парламентын тогтолцоотой бусад улсад байдаг гүйцэтгэх эрх мэдлийг хянах таван төрлийн механизмыг бий болгох зохицуулалтыг тусгасан нь хяналт, тэнцэл алдагдах эрсдлээс сэргийлнэ” гэв.

Хуулийн төслийг санаачилсан гишүүдийг төлөөлөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ “1992 онд батлагдсан Үндсэн хууль өнөөдрийг хүртэл 27 жилийн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн гэж үздэг. 2016 оны парламентын бүрэлдэхүүний бүтэц нь энэхүү төслийг хэлэлцэх эрхийг Монголын ард түмнээс олгосон, ард түмний захиалга гэж ойлгож байгаа. Улс орныг хөгжлийн гацаанаас гаргах түүхэн хариуцлагыг энэ удаагийн парламент хүлээж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь гацаанаас гарах гарц. Монгол Ард түмний төрд итгэх итгэл буурч байна. Өнөөдөр Монголд шударга шүүх байхгүй байна гэдгийг ард түмэн хэлж байна.

Улс төрөөс хараат мэргэшсэн, шударга төрийн албан хаагч байхгүй байна гэж иргэд дүгнэж байна. Үүн дээр дүгнэлт хийж 27 жил шаварт суусан байдлаасаа гарах хамгийн зөв гарц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж харж байгаа. Өнгөсрөн 27 жилийн түүхэнд 15 Засгийн газар байгуулагдсан. Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа 1.3 жил байна. Энэ хугацаанд 300 сайд төрсөн байна шүү дээ. Нэг сайд жил ч хүрэхгүй хугацаанд ажиллаад л огцорч байна. Өнгөрсөн хэдэн жилд гэхэд л Боловсролын салбарт гурван жилийн хугацаанд дөрвөн сайд солилоо.

Улс төр ийм тогтворгүй байхад яаж улс орны тогтвортой бодлого хөгжил дэвшил ярих юм бэ” хэмээн улс төрийн тогтворгүй байдлыг шүүмжилж, үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цэгцлэх хэрэгтэй гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Үндсэн хуулийн өөрчлөлтөд ач холбогдолтой олон заалтууд байна. Улс төрийн намын шинэчлэл явуулах гэхээр эрх зүйн орчин хангалтгүй байдаг. Ялангуяа улс төрийн намын хамгийн тулгамдсан асуудал бол санхүүжилт, санхүүгийн ил тод байдал байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхойлж өгсөн байна.

Өмнө нь Монгол Улс аймаг, нийслэл, аймаг нь сум, сум нь багт нийслэл дүүрэгт дүүрэг нь хороонд хуваагдана гээд заачихсан. Хотын хөгжлийн ямарч эрх зүйн орчин байдаггүй байсан. Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Цэцэрлэг гээд бусад хотууд аймгийн төвүүд дандаа сум болчихсон. Хотын статустай болгох, суурин газрыг хөгжүүлэхэд чухал заалт оруулжээ. Шүүгч нарын шалгуур, томилгоо, шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч нарын хариуцлагын зөвлөл байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой” хэмээн нэмэлт өөрчлөлтийн заалтуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Харин зарим гишүүдийн зүгээс “УИХ-ын гишүүд шууд сонгогддог Үндсэн хуулийн заалттай. Сонгуулиар жагсаалтын цаана нуугдаж орж ирсэн хүмүүст иргэд бухимдаж байсан. Энэ төслөөр дахиад сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж оруулсан заалтыг хасаад иргэд нь өөрөө сонгодог болгох ёстой. Шүүгч нарын томилгооны асуудалд 12 жилээр томилох асуудлыг хязгаарлах ёстой. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг есөн жилийн хугацаатайгаар томилдог асуудалд анхаарах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байв. Чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх болсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхин гарсан юм.