ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украинчуудад ОХУ-ын иргэншил олгож эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-16

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч дөрөвдүгээр сард Украины салан тусгаарласан Луганск, Донецк бүс нутгийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох журмыг баталсан. Үүний дараа БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр журмыг тэлж, Украины бүх иргэдэд Оросын паспортыг санал болгож магадгүй гэдгээ хэлсэн нь олон улсад дуулиан тарьсан юм. 

Улс төрийн туршлагагүй ч, алдартай олон ангит кинонд бүтээсэн дүрийнхээ имижээр Украины хамгийн хүчирхэг хүн болсон хошин урлагийн жүжигчин В.Зеленский ч түүний хэлсэн үгэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, В.Путины эл шийдвэрийн эсрэг хориг тавихыг Европын холбоонд уриалж байв. Гэвч, Украины шинэ Ерөнхийлөгчийн эсэргүүцлийг үл тоож, украинчуудад ОХУ-ын паспорт олгож эхэлсэн байна. Одоогоос таван жилийн өмнө ОХУ Украины зүүн этгээдийн Крымын зарим хэсгийг өөрийн улсын бүрэлдэхүүнд нэгтгэснээр Украины хямрал эхэлж байсан билээ. Үүгээр зогсохгүй зүүн хэсгийн хоёр мужийн салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж ирсэн. 

Харин энэ оны дөрөвдүгээр сард В.Путин тус салан тусгаарласан бүс нутгийн иргэдэд ОХУ-ын паспорт олгох төсөлд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. 

Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурснаас хойш анхны иргэд хоёр хоногийн өмнөөс паспортоо авч эхэлсэн байна.

Тодруулбал, ОХУ-ын өмнөд хэсгийн Ростов мужид Украины зүүн хэсгээс ирж суурьшсан 65 хүнд Оросын иргэн болсныг нь батламжлан, иргэний үнэмлэх олгожээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас өгсөн мэдээллээр, ОХУ-ын иргэншил авах хүсэлтээ 12 мянган хүн одоогийн байдлаар ирүүлээд байгаа аж. Цаашид ч хүсэлтийг хүлээн авч, паспорт олгоно гэдгээ албаны эх сурвалж мэдээлсэн байна. Паспорт нь тухайн иргэн аль улсад харьяалдаг болохыг илэрхийлэх албан ёсны гэрчилгээ болж байдаг.  Тиймээс паспорт авсан иргэд гадны аль нэг улсад зорчихдоо ОХУ-ын иргэний хувиар үйлчилгээ авч, зорчихоор болж байгаа юм. 

Украины Засгийн газар ч ОХУ-ын эл алхамыг хурцаар шүүмжилжээ. Украины парламентын дарга Владимир Гройсман “Түрэмгийлэгч орнууд манай улсын иргэдэд иргэншил олгож буйг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудалд олон улсын нийгэмлэг бидэнтэй хамтраасай гэж хүсч байна” хэмээн өөрийн албан ёсны твиттер хуудастаа жиргэжээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский сонгуульд өрсөлдөж байхдаа ОХУ-тай яриа хэлэлцээр хийх зарчмаар асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ амлаж байсан юм. Харин зүүн хэсгийн украинчуудад ОХУ-ын иргэншил олгож эхэлсний улмаас хоёр улсын хооронд яриа хэлэлцээр өрнөх боломжгүй болж байна. Мөн цаашид Украиныг дэмжигч барууны орнууд болон ОХУ, түүний хол­боот­нуудын хоо­рон­дын харилцаа хурц­даж бол­зош­гүй байна.