ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулган: Шүүгч хараат бус байхад шүүгчид өөрсдөө нөлөөлдөг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

М.Билэгт: Эрүүл мэндийн салбар унаж байна. Энэ салбарын аваад явах сайн удирдагчийг яаж бий болгох вэ. Ард иргэдээ соён гэгээрүүлж байж бид хөгжинө. Соён гэгээрүүлэх ажлыг доод түвшинд аваачсаныг Ерөнхий сайд хэлж байгаа. Өнгөрсөн 28 жилийн алдааг засах ямар боломжийг энэ нэмэлт өөрчлөлтөд оруулсан юм бэ

С.Бямбацогт: Үе үеийн парламентийн гишүүд, судлаачдын саналыг авч байж боловсруулсан. Үндсэн дөрвөн багц асуудлаар өөрчлөлт хийж байгаа. Эдгээр өөрчлөлтийг хийж байж таны хэлж байгаа 28 жилийн алдаа дутагдлыг засах боломжтой гэж харж байгаа. Нэг засгийн газрын дундаж хугацаа 1.5 жил байсан. Төрийн бодлого тогтворгүй байсан гэсэн үг. УИХ-ын хэт их эрх мэдлийг багасгая гэсэн заалт орж ирж байгаа. Яавал төрийн бодлого  тогтвортой байх вэ гэдгийг чухалчилсан. Салбар хоорондын уялдааг чухалчилж боловсруулсан. Төрийн албан хаагчдыг улс төрийн шалтгаанаар хоморголон халахгүй байх чиглэлээр заалт оруулж ирж байгаа. Ингэснээр төрийн албаны чадавхи сайжирна гэж харж байгаа. Сум дүүрэг засаг захиргааны нэгж байна гэж тусгасан. Сумын засаг даргыг ард иргэд томилдог болохыг Үндсэн хуульд оруулж байгаа. 

Л.Энх-Амгалан: Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл өнгөрсөн 27 жилийн турш иргэн бүр тэгш эрхтэй байж чадаагүй. Шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ хүрсэн. Монголын шүүх иргэдийнхээ эрхийг хамгаалах баталгаа болж чадаагүй. Яаж хараат бус, мэргэжлийн шударга шүүгчтэй байх вэ гэдэг нэн чухал асуудал болоод байна. Манай Улсыг захиалгын шүүхтэй болсон гэж байна. Монголд 511 шүүгч байдаг юм байна. Эдгээрийн 376 шүүгчтэй холбоотой 238 гомдол гарсан байна. Хамгийн сүүлд гарсан судалгаагаар шүүхийг хараат бус байхад шүүгчид өөрсдөө нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан байна. Шүүгчид найз нөхдийн хүрээнд шийдвэр гаргаж байгаа нь судалгаанаас харагдсан байна. Тэгэхээр яаж шударга шүүхтэй болох вэ гэдгийг Үндсэн хуульд хэрхэн тусгасан бэ. Шударга шүүхтэй байх бодит алхамууд нь юу вэ

С.Бямбацогт: ШЕЗ-ийн шүүгчдийг томилж, татгалзахдаа үндэслэл нь тодорхойгүй байдаг байсан. Тэгэхээр Ерөнхийлөгч шүүгчийг томилдог биш батламжилдаг болъё гэж тусгасан. 

Ажлын хэсэг: Шүүгчийн хариуцлагын тогтолцоо үр нөлөө муутай байгаа. Шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдлын 70-80 хувь нт үндэслэлгүй байдаг.