ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Ганбаатар: Бизнесийн орчныг сайжруулах заалт оруулах хэрэгтэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-17

УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ажлын хэсэг: Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах нь маш олон давуу талтай. Хараат бус байдлыг балансыг хангах үүднээс дээд шүүхэд өргөдөл гаргах эрх нь нээлттэй байгаа.

Ж.Ганбаатар: Нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Бизнес эрхлэгчид төрийн танил талтай байж л бизнес эрхлэх боломжтой болсон. Заавал ийм байх ёстой юу. Эдийн засагтай холбоотой заалтад өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Төрийн албанд хэт их давуу байдлыг олгож байгаа гэж үзэж байгаа. Үүнийг багасгах талаар ямар өөрчлөлтийг оруулах ёстой вэ. Төрийн албан хаагчид алдаа дутагдал гаргавал зөвхөн ажлаас халагдах юм шиг байна. Шинэ төрийн албаны хуулиар өргөдлөө өгөөч гэж гуйхаас өөр замгүй юм байна. Холимог тогтолцоо хамгийн супер тогтолцоо гэж байсан. Яагаад энэ тогтолцоо хамгийн тохиромжтой нь гэж вэ. Чуулган 75 хоног хуралдах ёстой гэж байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын ажлаа хийх боломжийг хааж байгаа юм бишүү.

С.Бямбацогт: Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана гэж заасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг хөндвөл шинэ Үндсэн хууль ярих ёстой гэж заасан юм билээ. Тиймээс энэ асуудлыг хөндөөгүй. Хувийн хэвшил болон төрийн алба хаагчдын эрх тэгш байх ёстой. Яавал төрийн алба хаагчдын эрхийг нэмэгдүүлэх вэ гэж өөрчлөлт оруулсаар байгаад төрийн алба хувийн хэвшлийнхнээс давуу эрхтэй болчихсон. Үүнийг анхаарч байгаа. Төрийн албаны тухай хуулиар хариуцлагын асуудал маш тодорхой заасан байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийг хөндөхгүйгээр энэ асуудлыг зохицуулах хууль хангалттай байна. Чуулганы хуралдаан хэт олон хоног хуралдаж байна гэлээ. Энэ нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зорилготой. Чуулганы хуралдааны ирцийн асуудлыг ч тусгасан. 

Ажлын хэсэг: Аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах гэж заасан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал л манайд байгаа юм. Үндсэн хууль гэдэг суурь зарчмыг тогтоодог. Эдийн засагт төр яаж өрсөлдөх вэ гэдгийг шударга өрсөлдөөнөөс хамаатай. 

Ж.Ганбаатар: Хийж байгаа зүйлээ хамгаалах гэсэн үүднээс асуултад хариулж байна. Сайжруулъя гэдэг талаас нь асуудалд хандах ёстой. Бизнесийн орчныг сайжруулъя гэсэн заалт оруулах хэрэгтэй байна. Тэгж байж ажил олгогчид нэмэгдэж, иргэд орлоготой болно.