ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд 260 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-10

Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт оролцож буй Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ нартай уулзаж, байр суурийг нь сонслоо. Тухайлбал, гурван талт уулзалтын үеэр автозам, төмөр замын шинэчлэлтэй холбоотой олон чухал асуудал яригдсан юм.  

Тэрбээр, “Шанхайн хамтын ажиллагааны уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хийгдэх ажлуудаа ярилцаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гол, гол ажлууддаа нэлээд ач холбогдол өгч байна.

Тэр тусмаа Монгол Улс хамгийн анхны ажиглагч улс. 14 жил ажиглагчаар оролцлоо. Одоо бол эдийн засгийн хамтын ажиллагаанд гар бие оролцох, хамтарч ажиллахгүй бол болохгүй болчихоод байна. Өнөөдрийн уулзалтаар тухайлбал БНХАУ-ын зүгээс хамтын ажиллагааны санхүүжилтийн хүрээнд 30 тэрбум юаны санхүүжилт олгохоор боллоо. Энэ нь таван тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгийг бүс нутгийн санхүүжилтэд өгөх гэж байгаа гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайд бүс нутгийн хөгжил, тэр дундаа хоёр хөршийн хүрээнд анхаарлаа хандуулаач, дамжин өнгөрөх тээвэрлэлтэд анхаарал хандуулах асуудлыг хэллээ. Нэгдүгээрт, төмөр замын төв коридороо шинэчилье, нэвтрэх чадвараа нэмэгдүүлье гэж байгаа. Бидний тооцоолсноор нэн тэргүүнд 260 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр, АН-3 буюу Тяньжинээс-Замын-Үүд хүртэлх замыг гурван улсын хүрээнд хамтран хурдны зам болгох талаар яригдаж байгаа.

Тээвэр ложистикийн асуудал тэр дундаа автозам, төмөр замынхаа нэвтрэх чадварыг сайжруулах нь нэн чухал. Тэр дагуу дараа дараагийн үйл ажиллагаа бол хувийн хэвшил хоорондын харьцаа шүү дээ. ОХУ-тай саяхан яриа хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл бид гарах гарцаа нэмэгдүүлэх ёстой. Владивосток руу гаргах, цаашлаад Европ руу гаргах асуудал ч яригдаж байна. Төрийн тэргүүнүүд уулзаад ярилцдаг. Түүнийг нь ажил хэрэг болгохын тулд төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллах л ёстой” гэв.